УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хилийн хориг тавих эсэх асуудлыг өнөөдөр /2022.05.30/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг гаргасан байдаг. Уг шүүх хурлыг товлосон өдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байсан тул түүний өмгөөлөгч хурлыг хойшлуулах санал гаргасны дагуу хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Харин тэрбээр эх орондоо ирсэн тул шүүх прокурорын саналыг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Г.Амартүвшинд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх хэрэгт нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх баримт байдаг.
Улмаар дээрх хэрэгт тэднийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавьж, хэргийн зарим оролцогч нартай уулзахыг хориглох шийдвэрийг гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )