Өнөөдөр /2022.06.04/ Төв аймгийн Аргалант сум хүртэлх 7.1 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Тус замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Билэгт зам" ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд 2022 онд багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх юм.
Замыг нээх арга хэмжээнд Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн болоод аймгийн удирдлагууд оролцсон байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоны дараа тэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах бүтээн байгуулалтын ажлуудтай танилцжээ.
Тухайлбал, сургуулийн барилгын өргөтгөлийг орон нутгийн төсвийн 720,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэнгэрийн долоон од" ХХК гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд 2022 оны 8 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх талаар ярилцсан байна.
Мөн сумын Эрүүл мэндийн төвийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгдээгүй бөгөөд барилгын чанар муудаж, дулаан алдагдал их байгаа тул нөхцөл байдалд дүгнэлт гаргуулан, их засвар хийлгэх талаар аймгийн Засаг даргатай санал солилцон, холбогдох албаны хүмүүсийг ажиллуулахаар болжээ. Түүнчлэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр аймгаас хэрэгжүүлж буй "Сувилагч хөтөлбөрт" оюутан, сурагчдыг хамруулах талаар санал солилцсон байна.
Үүнээс гадна сумын Цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа гал тогооны тоног төхөөрөмж болон барилгын цахилгаан холболтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох газруудад хүсэлт тавихаа илэрхийлжээ.
Үргэлжлүүлэн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг нь сонссон байна.
Сэтгэгдэл ( 0 )