Улсын гуравдугаар төв эмнэлэг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч хамтран ажиллаж байна.
Энэ удаад тус эмнэлгийн Сувилахуйн албанаас орон нутагт зонхилон тохиолддог зарим өвчлөлийн үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулж, туршлага солилцох сургалтыг анх удаа зохион байгууллаа.
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан “Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцов.
Сургалтыг онолын болон дадлага ажил гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулав. Оролцогчдыг таван өртөөнд хувааж эмнэлзүйн дадлага хийж туршлага солилцлоо.
Лавлагаа шатлалын төв эмнэлэгтэй хамтран анх удаа зохион байгуулж буй энэ сургалтын үр дүнд Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ илүү чанаржиж, сувилагч, тусгай мэргэжилтнүүд чадваржина гэдгийг онцолж байлаа.
Сүүлийн жилүүдэд тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх улмаар нас барах явдал харьцангуй нэмэгдэж байна. Насны хувьд ч залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Нэг жишээ дурдахад өнгөрсөн 2021 онд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдрэлийн тасагт 650 иргэн хэвтэн эмчлүүлсний 87 нь тархины харвалтын улмаас эмчлүүлж хоёр нь нас барсан гэсэн мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 0 )