Өмгөөлөгчийн нэр барьж, хэргийн сэжигтнээс 4 сая төгрөг залилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Сүүлийн үед залилагч нарын арга улам бүр нарийсаж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн итгэл үнэмшлийг нь олох замаар гэмт хэрэг үйлдэх болжээ.

Ойрын жишээ дурдвал, Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн өмгөөллийн үйлчилгээ авахаар урьдчилгаа төлбөр болох  дөрвөн сая төгрөг шилжүүлж, залилангийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Иргэн Г гэгч нь гэмт хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа өмгөөлөгч авах шаардлагатай болжээ. Улмаар зарын дагуу өмгөөлөгчид хандахад “Таны шалгагдаж байгаа цагдаагийн газрын даргыг би танина. Хэргийг чинь асуудалгүй шийдвэрлүүлж өгнө. Тийм болохоорр өмгөөллийн төлбөрийн тавин хувийг данс руу шилжүүлэх шаардлагатай” гэсэн байна. Ингээд хэрэгт шалгагдаж байсан иргэн өмгөөлөгч рүү урьдчилгаа төлбөрт дөрвөн сая төгрөг шилжүүлсэн боловч, мөнгө авсан этгээд нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй нэгэн байж түүнийг залилсан болох нь тогтоогджээ.

Иймд, иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос зайлсхийж аливаа мэдээлэл, зар, ажил болон бусад саналуудыг нягтлан шалгасны дараа гүйлгээ хийж байх хэрэгтэй гэдгийг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top