
БНХАУ-д болж буй Нийгмийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны дэлхийн форумд оролцогчид харилцаа холбоо, цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулах тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, олон улсын хамтын нийгэмлэг нь харилцаа холбоо, цахим залилан дэлхийн тулгамдсан асуудал болж буйг хүлээн зөвшөөрч байна. Олон улсын конвенцуудад суурилсан олон улсын мэргэжлийн төрийн бус байгууллага байгуулах нь цахим залилантай хамтран тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.
Хамтарсан мэдэгдэлд үүсгэн байгуулагч 46 орны төлөөлөгчид болон ажиглагч 34 улс, НҮБ, Интерпол зэрэг дөрвөн олон улсын байгууллагын ажиглагчид гарын үсэг зуржээ.
Нийгмийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны дэлхийн форум Ляньюньган хотноо есдүгээр сарын 8-10-нд болж өндөрлөв. Уулзалтад 100 гаруй орон болон олон улсын байгууллагуудын 2100 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )