Шалгалтаар "ХААН" банкны хэрэглэгчдийн мэдээлэл бүрэн алдагдаагүй гэж мэдэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Сүүлийн үед цахим орчинд “ХААН” банкны харилцагчдын мэдээллийг зарж байна гэх мэдээлэл тараад байна.

Тухайлбал, “Crackingx” гэх сайтад 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр нийтлэгдсэн мэдээлэлд 300 мянган монгол хэрэглэгчийн данс болон бусад хувийн мэдээлэл зарагдаж байгаа тухай дурдсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан тус банкнаас “Манай байгууллагын зүгээс иргэдийн дата мэдээллийг алдсан зүйл байхгүй. Уг алдаа гаргасан байж болзошгүй газар нь хувийн байгууллага. Манай банктай хамтарч ажилладаг болохоос манай банкны мэдээлэл зарагдсан зүйл байхгүй” гэдэг тайлбарыг өгөөд байгаа юм.

Харин Хүний эрхийн үндэсний комиссоос “ХААН” банкны мэдээллийн сан халдлагад өртсөн талаар анхааруулга гаргасан бөгөөд энэ асуудлыг холбогдох газрууд шалгаж дууссан байна.

Энэ талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү "Банкны хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй хувийн хэвшил мэдээллээ алдсан байж болзошгүй нөхцөл үүссэн. ЦЕГ, Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төв, монгол улсын аюулгүй байдлын үндэсний төв хамтран шалгалтын ажил хийж, бүх мэдээлэл бүрэн алдагдаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан" гэх тайлбарыг өгсөн байна.

Иймд, иргэд интернэт банк болон мобайл банкны нууц үгээ шинэчлэх, дансанд сэжигтэй үйлдэл илэрвэл яаралтай банк руу мэдэгдэх, цахим орчинд тархсан мэдээллийг баталгаатай эх сурвалжаас шалгаж, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа.

Сануулахад, одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршиж байсан бөгөөд үүнд иргэний овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, банкны хэрэглэгчийн болон бусад мэдээллүүд багтсан байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu