-Одоогийн байдлаар надад гурван киноны санал ирээд байгаа. Миний бүх зүйл өөдрөг, сайхан болж байна-
"Эрхэт Монгол Медиа групп", "ТВ8" телевизийн ээлжит реалити шоу болох "Anuxai's Fitness Show"-ны оролцогч Т.Лхагвадуламыг зочноор урьж, ярилцлаа. Хөгжилтэй, эерэг байдлаараа үзэгчдийн хайрыг татдаг түүний шоунд оролцсон туршлага болон амьдралын хэв маягийн тухай ярилцлагаас хүлээн авч уншаарай.
МАШ ИХ ЯДРААД УЙЛМААР САНАГДДАГ БАЙСАН
-"Anuxai's Fitness Show"-нд оролцох санал ирэхэд анх та хэрхэн хүлээж авсан бэ?
-Хамгийн анх санал тавих үед дунд хүү маань хагалгаад орох гэж байсан юм. Хагалгаа нь давхцаад байсан учраас хүний ажилд саад болох вий гэж эмээж байсан. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө хагалгаанд орчих юм бол долоо хоног жаахан тэнхрүүлж байгаад нэвтрүүлэгтээ орох бодол байсан. Ингэж байтал хүүхдийн маань хагалгаа хойшилсон болохоор нэвтрүүлэгтээ оролцохоор шийдсэн.
-Шоунд оролцсон анхны сэтгэгдлээ хуваалцаач. Яг юу бодогдож байсан бэ?
-Эхний ээлжинд жингээ хасъя л гэж бодсон. Тэгтэл бэлтгэл эхэлсэн өдрөөс ямар ч завгүй болсон. Хамаг бие булраад л, хүссэнээрээ иддэг байсан хүн хоолны дэглэм бариад эхэлсэн чинь “Ер нь би энэ янзаараа барах юм уу” л гэж бодогдсон. “Турвал тураад, больвол болино биз, барахгүй юм байна” гэж бодогдоод, урсгалаараа яваад дуусгая гэж хүртэл боддог юм билээ. Маш их ядраад, заримдаа уйлмаар санагддаг байсан. Эхний дугаарууд дээр гарсан даа. Хоолны дэглэм ганц нэг алдаад яваад байсан чинь Анухай багш нэлээд ууртай “уулзъя” л гэж байна. Уулзсан чинь “Та яагаад хичээхгүй байгаа юм. Хоолны дэглэм алдаад, бэлтгэл таслаад” гэж байна. Би бэлтгэлээ долоо хоногт гурав хийнэ, зураг авалтад хоёр удаа оролцоно гэж ойлгосон байсан. Гэтэл бэлтгэл долоо хоногт долоо байж таарсан. Эхний удаа тэр ойлголтоороо бэлтгэлээ санамсаргүй таслаад, дараа нь бие булраад даагдахгүй болохоор нь нэг тасласан. Дэглэмд ороод, огцом дасгал хөдөлгөөн хийсэн чинь даралт уналаа. Эмнэлэгт үзүүлтэл бүр багасчихсан байсан. Тэгтэл багш “Та ерөөсөө хичээхгүй байна. Би 4000 эмэгтэйн биед өөрчлөлт гаргаж чадсан. Таныг үр дүн гаргана гэж бодоод, шоунд оруулж иртэл та ерөөсөө хичээхгүй байна. Таны биед гарсан өөрчлөлтөөр миний ажлын үр дүн гарна. Та хичээхгүй байхад би хичээгээд ямар ч үр дүн гарахгүй” гэж хэлсэн. Тэр үг шууд л толгой руу орсон. Хүн надад итгээд, гоё шоунд орж ирж байхад би хичээх ёстой юм байна гэж бодож, хичээж эхэлсэн. Хоёр дахь долоо хоногоос бүх зүйлээ дайчилсан.
-Эхний долоо хоног хамгийн хүнд үе байжээ?
-Тийм ээ. Би бодохдоо дасгал, хоолны дэглэмд аажмаар орно гэж бодож байсан. Гэтэл бүх зүйл л шууд эхэлсэн. Жигнэсэн, давсгүй тахианы цээж мах 100 граммыг л иднэ. Надад бол энэ нь ариун цэврийн цаас усанд базаад зажилж байгаа юм шиг л санагдсан. Энэ хоолыг идэж чадахгүй юм байна. Өөр хоол байж болох уу гэтэл "Хэн таныг дэлбэртлээ таргал гэсэн юм, одоо яаая гэхэв. Идэхээс өөр арга байхгүй" гэж манай хатуу Анухай багш хэлсэн. Гэхдээ сүүлдээ идээд байхаар амттай санагдаад ирдэг юм байна лээ. Нэг л мэдсэн нөгөө амтгүй тахианы махандаа дасчихсан.
-Дасгал хийх, хоолны дэглэм барих хоёрын аль нь хэцүү байсан бэ?
-Хоолны дэглэмд аажмаар дассан. Дасгал хийхэд хамгийн хүнд байсан нь, би. Нас болон биеийн онцлог зэргийн ялгаа яалт ч үгүй гардаг юм билээ. Жин ойролцоо ч надаас залуу хүмүүс шал өөр байсан. Мах, шөрмөс зэрэг маань яг л борц болчихсон юм шиг л санагдаж байсан. Нөгөөдүүлээ "дэвтээх" гэж хамгийн их зүдэрсэн нь би. Намайг алхаж байхад нөгөө хэд маань гүйж байдаг. Гэтэл би алхаж байгаа хэрнээ л амьсгаадаад, бөглөрчих гэнэ. Сүүлдээ бие хөнгөрөөд, ачаалал даах чадвар нэмэгддэг юм байна лээ. Багшийгаа, оролцогчдоо алмайруулсан.
ФИТНЕСТ АНХ ОРООД МУЗЕЙ ҮЗЭЖ БАЙГАА ХҮН ШИГ Л БАЙСАН
-Фитнесээр үргэлжлүүлэн хичээллэе гэж бодож байгаа юу?
-Яг шантарч байх үедээ хурдан дуусаасай гэж бодож байсан. Яах гэж оролцвоо гэж бодож байсан үе ч бий. Шоугаа дуусгаад идэж уугаад л, сайхан амарна гэж бодож байсан. Манай багш харин маш тууштай. Өглөө боссон цагаас эхлээд л залгана. Очин очтол залгана. Үр дүн гараад эхэлтэл эргэн тойрны хүмүүс ийм гоё болсон дээрээ заавал үргэлжлүүлээд яваарай гэж хэлэх болсон. Өмнө нь үргэлжлүүлэх тухай боддоггүй байлаа. Одоо харин үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.
-Хүмүүс жингээ хасахын тулд олон арга хэрэглэдэг. Таны хувьд өмнө нь ямар ямар зүйлс туршиж үзэж байв?
-Би энэ шоунд оролцсоноор анх удаа фитнесст очиж үзсэн. Зарим төхөөрөмж нь эмнэлгийнх ч юм шиг харагдаад л. Анх ороод музей үзэж байгаа хүн шиг л юм болсон.
Би оюутан байхдаа 60 кг орчим жинтэй байсан юм. Тухайн үедээ өөрийгөө их тарган гэж боддог байлаа. Тэгээд тураах массажинд орж байснаа санаж байна. Бааштайг ч хэлэх үү, зөгийн балны татлага хийлгээд, бумба тавиулаад л хаширсан. Дахиж тийм юманд орохгүй гэж бодсон. 20 жил илүүдэл жинтэй явж байгаа хүний хувьд мэдээж хүмүүс янз бүрийн зүйлс санал болгоно. Цай, кофе, эм бэлдмэл гээд л бүгдийг шахам хэрэглэж үзсэн. Тухайн үедээ хоёр, гурван кг хасаад л буцаад нэмчихдэг, хүмүүст ч, өөрт ч мэдэгдэх үр дүн гараагүй гэж хэлж болно. Одоогийнх шиг ингэж жин хасаж байсан удаа байхгүй.
“ГАНГАН ХӨВСГӨР” ГРУПП ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙХЫГ СУРТАЛЧИЛДАГ НЭГДЭЛ БИШ
-Шоу цацагдаж эхэлснээс хойш хүмүүсийн хандлага хэр байна вэ. Дэмжигчид олон байгаа харагдсан?
-Би “Ганган хөвсгөр” гэдэг нэртэй фэйсбүүкийн групп ажиллуулдаг. Одоогийн байдлаар 67 мянга гаруй хүнтэй болоод байгаа. Жингийн илүүдэлтэй хүмүүс нүүрэн эгнээнд биш, хоёрдугаар эгнээнд байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор өөртөө итгэлтэй байхын тулд энэ группыг нээж байсан юм. Группын маань гишүүд намайг маш сайн дэмждэг. Эхнээсээ дасгал, хөдөлгөөн, зөв хооллолтод нэгдэж, тодорхой үр дүн гаргаж эхэлсэн.
Дасгал хийж амжихгүй нь өглөө, оройдоо алхах гэх мэтээр группийнхэндээ тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлснээ анзаарч байгаа.
Манай групп илүүдэл жинтэй байхыг сурталчилж байгаа юм биш. Зүгээр л нэг нэгэндээ урам, зориг өгөхийн тулд нэгдсэн хүмүүс. Группийнхэнтэйгээ энд тэнд тааралдахаар урмын үг харамгүй хайрладаг.
-Фитнессээр хичээллэхийн давуу талыг юу гэж харж байна вэ?
-Анухай багш “Фитнесс бол бүх спортын хаан” гэж хэлж байсан юм. Би дөрөв төрсөн ээж хүн. Төрөх бүртээ 10 кг нэмсэн. Төрсний дараа эмэгтэйчүүд гэдсээ баадагнадаг бол би том охиноо төрөхөд л ганц удаа даруулга зүүж үзсэн. Дахиж зүүгээгүй. Ер нь бол өөрийнхөө арчаагүйгээс болж л жин нэмсэн. Дунд хүүгээ төрүүлснээс хойш зургаан сарын дараа зам гараад явж байхад манай нөхрийн найз харж л дээ. Тэгээд “Хүүе ээ, Баагийгийн эхнэр одоо болтол төрөөгүй байгаа юм уу” гэсэн байсан. Гэдэс яг л тийм томоороо тогтчихсон байсан гэсэн үг. Харин одоо фитнест яваад, маш гоё галбиржиж турж байна. Бүсэлхийн тойргоороо одоогийн байдлаар 18 см хасчхаад байгаа. Би ийм хурдан гоё болж байгаа юм чинь бусад эмэгтэйчүүд маань бүр л хурдан сайхан биетэй болох боломжтой юм байна гэдгийг өөр биеэрээ нотолж байгаа гэж бодож байна. Багшийн хэлсэн үнэхээр үнэн юм билээ.
БИДНИЙ ДУНД ӨРСӨЛДӨӨН ГЭХ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ
-Хүмүүс дасгал, хөдөлгөөн хийснээрээ илүү эрч хүчтэй болсон тухай их ярьдаг. Энэ тухай?
-Дасгал хийж байгаа үед хэцүү байдаг ч эргээд бодоход бие хөнгөрөөд, гоё байгаа. Яг дасгалын дараа бол надад бага зэрэг хүнд байдаг. Өмнө нь байрны гадаа зогсоол байхгүй бол машинаа хол тавихаас төвөгшөөдөг байсан. Одоо хол байсан ч хамаагүй машинаа тавьчхаад аль болох алхаж явахыг боддог болсон. Анх арав ч алхаж чадахгүй аахилдаг байсан бол одоо 30 минутын турш асуудалгүй гүйлтийн зам дээрээ алхчихдаг болсон. Ойрхон газар бол сэмбийтэл алхана шүү дээ.
-Өрсөлдөөн хэр байна. Шоу дундаа орсон байгаа байх?
-Бид хэдийн дунд өрсөлдөөн гэх зүйл байдаггүй. Хүмүүс гайхаж байж магадгүй. Нэгнийгээ дэмнээд л хамт явдаг. Санаа нийлж, багийн ажиллагаа сайтай байгаа. Бид хоорондоо биш, өөрөө өөртэйгөө өрсөлдөж байгаа. Өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал юм билээ. Өмнө нь орноосоо ч өндийж чадахгүй, шалтаглаад хэвтдэг байсан бол одоо яадаг ч байсан бэлтгэлдээ явна л гэдэг болсон.
-Амьдралын хэв маягт тань хэр өөрчлөлт орсон бэ?
-Маш их өөрчлөлт орсон. Том охиноо фитнессээр хичээллүүлэхээр шийдсэн. Гурван бага маань намайг хаашаа ч гарсан бай “Бэлтгэлдээ явах гэж байна уу” гэж асуудаг болсон. Өмнө нь кинонд эсвэл ажилдаа явах гэж байна гэж боддог байсан. Мөн хооллолтын тал дээр маш их өөрчлөгдсөн. Хүүхдүүд маань ч эрүүл, зохистой хооллодог болсон. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол одоо бараг тансаг хэрэглээтэй айл болоод байна. Өмнө нь нарийн ногоо зэргийг баяраар л хэрэглэдэг байсан бол одоо өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Манай гэрийн бүх хүмүүст миний өөрчлөлт нөлөөлж байна гэж бодохоор үнэхээр сайхан байгаа.
-Та шоуныхаа хугацаанд, ер нь цаашид хэдэн кг хасах зорилготой байгаа вэ?
-Шоуны турш 10 кг хасах зорилготой байсан. Ерөнхийдөө нийт 20 кг хасах зорилготой. Огцом жин хаясан хүмүүсийг харахад арьс нь их унжсан, сулбагар харагдах тохиолдол бий. Харин шоу зохион байгуулагчид маань энэ тал дээр маш их анхаарсанд нь баярлаж байгаа. Дасгалаас гадна “Номин гуаша”-гаар үйлчлүүлж байгаа нь бидэнд үр дүнгээ илт мэдрэгдэхүйц өгч байгаа. Нүүрэнд үрчлээ нэмэгдэх биш харин ч улам толигор болж байна. Хүмүүс ямар гоё залуужаа вэ, олон жилийн өмнө мэддэг байсан эмэгтэй эргээд ирсэн байна гэх зэргээр маш сайхан сэтгэгдэл илэрхийлэх болсон. Би ч бүр урам ороод л байгаа. Мөн шаардлагатай эмчилгээ, нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа учраас эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болж байна.
Энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн багштай хичээллэх ямар үр дүнтэй байдаг вэ гэдгийг маш сайн ойлгож байна. Зохион байгуулагчид мөн маш сайн ажиллаж байгаа.
НАЙЗ ХҮҮХНҮҮД МААНЬ "ТУРЖ, ГОЁ БОЛООД, ГОЛ ДҮРИЙН САНАЛ АВААРАЙ, ҮЗҮҮЛЭЭД ӨГӨӨРЭЙ" Л ГЭЭД БАЙГАА
-Шоунд оролцох хугацаанд шинэ уран бүтээлийн санал ирэв үү?
-Шоу гарч эхэлсний дараа найз хүүхнүүд маань "Турж байгаад гоё гол дүрийн санал аваад, үзүүлээд өгөөрэй" гэж хэлж байлаа. Тэгсэн чинь яг хэлснээр нь болж байгаа юм шиг л зүйл болсон. Одоогийн байдлаар надад гурван киноны санал ирээд байгаа. Гэхдээ хоёр нь шоу гарч эхлэхээс өмнө дүр хуваарилагдсан байсан. Нэг нь шоуны үеэр ирсэн. Миний бүх зүйл өөдрөг, сайхан болж байгаа. Найзуудынхаа хэлснээр хичээнэ ээ.
-Гэр бүлийн хүн нь шоунд оролцох гэж байгаа тухайгаа хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Илүүдэл жинтэй ч санаа зовдоггүй байсны нэг шалтгаан нь манай нөхөр байж гэж бодох болсон (инээв). Манай нөхөр надад хэзээ ч тарган байна, тур гэж хэлж байгаагүй. “Миний бондоолой” гээд л эрхлүүлэхээр нь хөөрөөд улам бондойгоод байсан байгаа юм. Шоунд орохоосоо өмнө “Одоо туръя аа” гэсэн чинь манай нөхөр аягүй хурдан “Тур тур тур” гэсэн. Тэгэхэд л шууд тур гэж хэлж чадахгүй байсныг нь ойлгосон гэх үү дээ. Шоунд орох болсноо хэлэхэд маш их дэмжсэн. Манай хүн хөдөө ажилладаг учраас надад бэлтгэлээ таслахгүй явахыг байнга сануулдаг. Ер нь намайг юу ч хийсэн дэмждэг учраас дургүйцэх зүйл байгаагүй.
-Ирээдүйн зорилгынхоо тухай хуваалцаач?
-Урлагт хөл тавиад 20 жил болсон байна. Ихэнхдээ туслах болон ганц хоёр үзэгдэлд гардаг дүрд тоглосон учраас гол дүрд тоглох хүсэл, мөрөөдөлтэй хэвээрээ л байгаа. Бас өөрөө кино зохиол бичиж байгаа. Кино продюсерлох хүсэл мөн байна. Саяхнаас цоо шинэ мөрөөдөлтэй болсон. Нэгэнт амьдралаа өөрчлөх боломжийн үзүүрээс атгаад авсан юм чинь бусад бүсгүйчүүдийнхээ ч гэсэн амьдралыг өөрчлөх “Ганган хөвсгөр” тураах клуб нээх хүсэлтэй байгаа. Манай группт тураах бүтээгдэхүүн сурталчлах хүсэлтэй хүмүүс олноор ханддаг. Би өөрөө үр дүн гаргаагүй учраас татгалздаг. Одоо өөрөө үр дүн гаргаж байгаа учраас бусад бүсгүйчүүддээ ч мөн үүнээсээ хуваалцахыг хүсэх болсон. Өөр жижиг мөрөөдлүүд ч зөндөө байгаа. Амжилттай бизнес эхлүүлээд тэрбумтан хатагтай болмоор байгаа (Тэр өнөө танил зангаараа тас тас хөхрөв).
Одоогийн байдлаар би дундаж давхаргад багтахтай үгүйтэй л амьдарч байна. Гэсэн ч хүмүүс тусламж хүсээд ороод ирэхэд боломжоороо туслахыг хичээдэг.
Амжилттай бизнесээ эхлүүлчих юм бол олон хүнд чадах чинээгээрээ тусалж, бусдын амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бусдын амьдралыг өөрчилнө, алдааг нь засна, зөв замд чиглүүлнэ гэдэг үнэхээр том буян. Энэ амьдралын утга учрын нэг гэж бодож явдаг даа.
-Таныг үзэгчид маш гэгээлэг, хөгжилтэй эмэгтэй гэж тодорхойлдог. Магадгүй таны төрөлх чанар байх?
-Миний байгалийн өгөгдөл л ийм юм байна гэж боддог. Би амьдралын ямар ч хар бараан асуудлыг эерэг өнцгөөс харахыг хичээдэг. Аав, ээжийгээ алдсан өдрүүд надад хамгийн хэцүү байсан. Ертөнцийн жам гэдэг утгаар нь эвлэрч хүлээж аваад, арай л дээрдэж байна. Бусад асуудал дээр бол тэгтлээ шаналаад байдаггүй. Хүмүүст аль болох аз жаргал бэлэглэх дуртай. Амьдралаа авч явахын тулд янз бүрийн л зүйл хийж үзсэн. Алдсан нь ч бий, оносон нь ч бий. Алдаж, буруудсан ч дахиад л босоод ирнэ. Дахиад юу хийж болох вэ гэж бодоод л босоод ирдэг.
-Кино зохиол бичиж байгаа гэсэн. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлж болох уу. Ямар төрлын кино байх бол?
-Ер нь аль аль төрлөөр л бичих сонирхол бий. Олон ажил зэрэг амжуулдаг учраас хараахан бичиж дуусгаагүй байгаа. Заримдаа бичиж байгаа зохиолдоо орчихсон ганцаараа уйлаад, инээгээд л сууж байна, одоохондоо. Бичсэн зүйлдээ өөрөө уяраад, уйлаад сууж байгааг зарим хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Миний хувьд сэтгэл хөдлөл ихтэй учир зохиолдоо бүрэн автчих юм билээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Оролцож буй шоунд нь болон таны ажил, амьдралд амжилт хүсье.
-Танай хамт олонд ч мөн амжилт хүсье. Баярлалаа. Намайг дэмжиж, урам өгч байгаа бүх үзэгчдэдээ баярлалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Манай ангийн охин ш дээ. Хуухэд байхын аймаар галзуу, хун инээлгэж явдаг охин байсан юм. Хошин шог руу орвол яадаг юм бол. Их хурц хэл амтай инээдтэй охин байсан сан
Мундаг шүү.Амжилт хөөрхөнөө, зорилгодоо заавал хүрээрэй
Mundag shuu s.jilt