“Хүмүүн” цогцолбор бага сургуулийн барилга нь 2006 онд баригдаж, ашиглалтад орсноос хойш засварын ажил хийгдээгүй бөгөөд сургуулийн захиргаа болон Эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар барилгын өнгө үзэмжийг сэргээн засварлахаар 1-5 дугаар ангийн 39 бүлгийн 1500 гаруй сурагчаас нийт 29,940,000 төгрөгийн хандив цуглуулжээ.
Засварын ажилтай холбоотой бага сургуулийн менежерүүд болон 20 орчим ангийн төлөөлөл ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгээс аймгийн барилгын компаниуд болон аймагт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа таван компанид хүсэлт гаргасан бөгөөд гурван компани сургуулийн барилгын нөхцөл байдалтай ирж танилцан, үнийн санал ирүүлснийг ажлын хэсэг ярилцаад, “Клаймакс Интернэйшнл” ХХК буюу аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн барилга болон Зуунмод хотод 160 ортой дотуур байрын барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Баян дөрвөлж” ХХК-тай хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн аж.
Тус компанийн зүгээс хамгийн бага буюу 50,560,000 төгрөгийн үнийн санал ирүүлж, үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн дээврийг үнэ төлбөргүй будаж өгөхөөр болсон юм.
Нийт цугласан хандиваас гадна 20,620,000 төгрөгийн санхүүжилт дутсаныг "Хүмүүн" цогцолбор сургуулийн ерөнхий захирал Л.Эрдэнэцэцэг багшаар дамжуулан (2022.07.01-ний өдрийн албан тоот) Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт хандаж, дэмжлэг хүссэний дагуу ажлын хэсгийн төлөөлөл, “Баян дөрвөлж” ХХК-ийн захирал Н.Лхагвадорж нар аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай уулзаж, дутагдаж байгаа санхүүжилтийн талаар ярилцан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн төсвөөс 19,9 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлэн, засварын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Харин үлдэгдэл 720,000 төгрөг болон төсөвлөгдөөгүй үлдсэн ачаа, тээврийн зардлыг “Баян дөрвөлж” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд нэмж шийдвэрлэхээр болсон байна. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар барилгын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг аймгийн БЗОСК-д үүрэг болголоо. Барилгын засварын ажлыг 2022 оны 8 дугаар сарын 20-ны дотор дуусгах юм.
Сэтгэгдэл ( 0 )