"Цагаан гол"-ын рашаан, сувилал хүртэлх замыг засварлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын "Цагаан гол"-ын рашаан, сувиллын зам нь уул, хад чулуу, бартаа, шавар, ус ихтэй байдаг бөгөөд голдуу фургон машинууд явахаас гадна сувилал хүртэл 12-14 цагийг зарцуулдаг. Цагаан голын рашаан сувилалд зуны улиралд эмчилгээнд хүнд өвчтэй, аутизмтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ард иргэд их зорчиж эмчлүүлдэг. Иймд аймгийн Засаг даргын санаачилгаар Цагаан голын рашаан сувиллын чиглэлийн замыг Замын сангийн санхүүжилтээр Арал толгой заставаас Цагаан голын рашаан сувилал хүртэл хэсэгчилсэн засварласан байна.  Ингэснээр 12-14 цаг туулдаг зам маань 6-8 цаг явахаар богиносон байна. 

2019 онд улсын төсвөөр 320 сая төгрөгийн тендер зарлагдсан боловч, замын нөхцөл маш хүнд учраас  ямарч компани санал гаргаж ороогүй байдаг. Энэ жил  тус замын засварын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг түшиглэн зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Засаг дарга Д.Бауыржан энэ сарын эхний өдөр тус замын засварын ажлын гүйцэтгэлтэй танилцах зорилгоор Цэнгэл суманд ажиллажээ. Энэ үеэр Засаг дарга “Цагаан голын рашаан сувилал чиглэлийн замыг зассанаар тус рашаан сувилалд эмчлүүлэх орон нутгийн иргэд саадгүй зорчих боломж бүрдэхээс гадна гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэх энэ нь эргээд сумын орчин суугчид нэмэлт орлого олох боломжийг олгодог” гэв.

Баян-Өлгий аймагт жилд 20-30 мянга орчим гадаад, дотоодын жуулчин ирдэг. Түүнчлэн Цагаан голын рашаан сувилал чиглэлийн замын засвар үргэлжлэн хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Аймгийн Засаг даргатай хамт тус замын засварын ажлыг хүлээж авах аймгийн комисс хамт ажиллав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top