Ван И: Хятад улс найдвартай, урт хугацааны түнш байх болно

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2022.08.07) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. 

Албан ёсны айлчлал өнөөдөр (2022.08.08) үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Төрийн ордонд хэлэлцээ хийж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” төлөвлөгөөний суурь нөхцөлийг бүрдүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж байна. Эдгээрийн амжилттай хэрэгжүүлбэл боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ хоёр дахин өснө. Эрчим хүчний чадал 2,5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөлүүд бүрдэх юм. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр нэмэгдэж, ДНБ хоёр дахин томорно. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ДНБ 3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь өмнөхөөс 3,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, үнийн өсөлт, тээвэр логистикийн доголдол, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл үргэлжилсээр байна. Энэ нь тээвэр логистикийн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлын өнөөгийн нөхцөлтэй шууд холбоотой” гэсэн юм.

Хариуд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “Өчигдөр Ерөнхий сайдтай өргөн асуудлаар санал солилцсон. Хятадын Засгийн газрын зүгээс Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын Тайвань, Шинжаан, Төвд зэрэг дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ дахин нотолсон. Үүнийг сайшааж байна. Монголын улс төр тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Монголын ард түмний өөрийн сонгосон замд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Цар тахлын бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Шинэ сэргэлтийн бодлого болон "Алсын хараа 2050" хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно” гэлээ.   

Үүний дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт тус тус бараалхана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top