Тэр ямар “сюрприз” задлах бол

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2022.08.07) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. 

Тэр энэ сарын эхээр манай улсад айлчлаад буцсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд В.С.Лавровын дараа ирж буй өндөр хэмжээний зочин.

Хоёр хөршийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн сайд нар ээлж дараалан ирнэ гэдэг Монгол Улс сонирхлын төвд оршиж байдгийг тодотгосон үйл явдал юм. Ноён В.С.Лавровын хувьд манай улстай эдийн засгаар хамтарч ажиллана, дэмжлэг үзүүлнэ хэмээсний сацуу ШХАБ дахь статусаа өргөжүүлэхийг зөвлөсөн нь  наадмын өмнө багагүй шуугиан тарьсан.

Гэхдээ  Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боломж хайх, гурван улсын хоорондын томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, зүүн, баруун, босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах зэрэг төслүүдийг онцлон ярилцсаныг хэвлэлүүд мэдээлсэн.

Энэ удаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ямар “сюрприз” задалж бидний чихийг сортойлгохыг таашгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоо  яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлж,  таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна" гэсэн.

Мөн хилийн боомтууддаа анхаарах нь хоёр хөршдөө анхаарч, ач холбоглол өгч байгаагийн нэг илрэл болохыг онцолж байв. Сүүлийн жилүүдийн гадаад харилцааны тоймоос харвал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад өмнө нь  2018 оны наймдугаар сарын 23-нд  айлчилж байжээ.

Үүний дараа 2020 оны есдүгээр сарын 15-нд Монголд айлчлан ирж байсан юм. Хоорондоо хоёр жилийн зайтай айлчлан ирдэг уламжлалын дагуу ирж байгаа мэт боловч энэ удаагийнх арай өөр байх болов уу. Өмнөх уулзалтуудаар хоёр тал  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, тохиролцоонд хүрч байсан билээ.

Түүний дараа 2021 онд  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Тяньжин хотод  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн байдаг. Энэ үеэр  хамтын ажиллагаа,  бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцсон. 2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Тяньжинд албан уулзалт хийж байв.

Тэгвэл одоо  ноён Ван И  өөрөө Монголд  ирлээ. Засгийн газрын тэргүүний үгнээс шинжвэл “Шинэ сэргэлт”-ийн бодлогын гол ажлуудын санхүүжилтийн асуудлаар шийдвэрүүд гарч болох юм. Учир нь усан болон цахилгаан станцуудын ажлыг  эдийн засаг амаргүй үед хөдөлгөх боломж хомс. Тиймээс эдийн засагт “нар гарна”  гэж  зарим эдийн засагчид байр сууриа илэрхийлж буй.

Харин улс төр, хоёр орны харилцаа, олон улсын нөхцөл байдлын талаар судалж ирсэн судлаачид одоогоор ам нээгээгүй байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол дахь айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох ажээ. 

Ер нь бол  манай эдийн засгийн эргэлт  урд хилийн боомтуудаас ихээхэн шалтгаалж байгаа нь ковидын жилүүдэд ихээхэн мэдрэгдсэн. Боомтын төмөр замын ажлыг яаравчлах хэрэгтэй. Гэвч  мөн л зардал, санхүүжилтийн асуудлууд  голлон яригдана. Нөгөө талаас хөндлөнгийн ажиглагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, зарим ТББ, судлаачид  бол “Хятадаас зээл авч өрөө нэмэгдүүлж болохгүй. Газар нутгаа алдах эрсдэлтэй” гэдгийг анхааруулсаар ирсэн. Өнөөдөр ч ийм асуудлууд тавигдаж  байгаа юм. Ямартай ч ноён Ван И манай улсад ирснээрээ ямар “сюрприз” задлахыг таашгүй. Харин манайхан түүнийг найрсаг угтах нь мэдээж.


ВАН И ГЭЖ ХЭН БЭ?
 

Ван И 1953 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. 2013 оноос хойш Гадаад хэргийн сайд, 2018 оноос хойш Төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа Хятадын ахмад дипломатч, улстөрч юм.

Тэрбээр 1969 оны есдүгээр сард ахлах сургуулиа төгсөөд Хармөрөн муж дахь Барилгын армийн корпуст найман жил алба хаасан. 1977 оны арванхоёрдугаар сард  Бээжинд буцаж ирээд тэр жилдээ Бээжингийн олон улсын судлалын их сургуулийн Ази, Африкийн хэлний тэнхимд элсэн оржээ. Тэрбээр тус сургуульд  давхар япон хэл сурч, 1982 оны хоёрдугаар сард бакалаврын зэрэгтэй төгссөн байна.

Тэрбээр англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. Их сургуулиа төгссөний дараа Гадаад хэргийн яамны  Азийн хэлтэст дипломатчаар ажлын гараагаа эхэлж байжээ.  Харин 1989 оны есдүгээр сард Хятадаас Японд суух Элчин сайдын яам руу томлигдож, таван жил ажилласан байна. Харин   1994 оны гуравдугаар сард Хятадад буцаж ирээд Гадаад хэргийн яамны  Азийн хэлтсийн дэд даргаар томилогдож, дараа жил нь хэлтсийн дарга болон  дэвшжээ.

Тэрбээр 1997 оны наймдугаар сараас 1998 оны хоёрдугаар сар хүртэл АНУ-ын Жоржтауны их сургуулийн Гадаад харилцааны хүрээлэнд зочин эрдэмтэн байсан. Удалгүй буцаж ирээд сайдын туслах, Бодлого судалгааны газрын дарга болж байжээ.  Мөн 1999 оны есдүгээр сараас эхлэн Ван Хятадын Гадаад харилцааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан байна. 2001 оны хоёрдугаар сард Ванг Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайдаар өргөмжилжээ. Тэр үед хамгийн залуу дэд сайдад тооцогдож байв.

2004 оны есдүгээр сард Ванг Хятадаас Японд суух Элчин сайдаар томилжээ. 

Тэрбээр 2007 оны есдүгээр сар хүртэл энэ албан тушаалд ажилласан байна. Харин  2008 оны зургаадугаар сард Ван Чэнь Юнлинийг орлож Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2013 оноос Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байна.

Бээжинд энэ оны сүүлээр болох Хятадын Коммунист намын их хуралд Ши Жиньпин гурав дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулна. Гэхдээ гадаад бодлогын хувьд тэс өөр түүх өрнөх бөгөөд тус улсын хамгийн өндөр албан тушаалтай хоёр дипломатч албан тушаалаасаа огцроход бэлтгэж байгаагийн нэг нь Ван И юм. Түүний бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард дууссан бөгөөд  жил бүр болдог  хууль тогтоох чуулганаар төрийн албан тушаалтнууд солигддог. Ван И-г зууны дөрөвний нэгд дээд албан тушаалд ажилласан туршлагатай дипломатч гэдэг. Түүнийг хэн залгамжлах вэ гэдэг  нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.168) 2022 оны 08 сарын 08

За та нар Өмнөговь аймгаа өг дөө гэхгүй бол өөр ямар сюрприз байдаг юм? Тайвань шиг танайхыг нэг өдрийн дотор л эзэлнэ, олон зээл авсан өрөндөө нэг аймгаа өгөх үү бүгдээрээ үхэх үү гэвэл нэөгөө авилгалч сайдууд нь өгөх байх даа.

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 08

төмөр зам хөдөлвөл хөгжил ирнэ энэ л хамгийн гол зүйл дээ дандаа хүний царай харж Украин шиг хэн хаанаас юу өгөх бол суумааргүй үе ирж байна дэлхий өөрчлөгдөж байна бид ч өөрчлөгдөх цаг болсон доо

0  |  0
Ц.НЯМДОРЖ(66.181.184.40) 2022 оны 09 сарын 14

ЛАВРОВ ФАШИСТ НОХОЙН БААСЫН ДОНШУУЧЛАЛААС ХОЛ ИЛҮҮ ТУСТАЙ АЙЛЧЛАЛ МӨНӨӨС МӨН

1  |  2
Болд(202.9.46.28) 2022 оны 07 сарын 28

Хил гааль худалдааны эргэлтээ л нэмэгдүүлэх талаар ярилцаарай. Тэр зээл станц яах вэ

0  |  0
Зочин(121.45.121.227) 2022 оны 08 сарын 08

Үнэгүй бяслаг хулганы хавханд байдагийг сана, ямар элэнцэгийнх нь сюрприз байхав дээ, Төвд өрийхөө төлбөрт улсаараа Хятадад дагаар орлоо, Шри-ланк газар нутгийнхаа хэсгийг алдах аюулд орчихсон байхад МАН-гарууд хөөрч далдагнаад байх шаардлага үгүй. Тэнд Орос дайн хийж тусгаар улсыг эзлэх гээд , Хятад хамтдаа хөгжинө нэрийн дор ядууу орнуудыг өрийн хавханд оруулж эзлэх бодлогоор явж байхад улсаа хавханд хийх гээгүй бол өр зээл, үнэгүй юм нэхдэгээ зогсоо.

2  |  2
Дуракууд(66.181.161.18) 2022 оны 08 сарын 08

Мөнх-Оргил гуай л үе дамжсан хот хүн шиг гарч. Бусад нь байхгүй ээ биеэ ч явж байгаа нь ичиг

0  |  1
Эвий дээ(66.181.161.18) 2022 оны 07 сарын 30

За энэ мэдээн дээр 3 фото зураг байна. Манай дарга даамлууд яг л өнөөх “Сандаг нутгаасаа явсан ч нутаг Сандагтайгаа хамт” гэдэг онигоо шиг. Зүгээр фото зураг пээр яаж гарч байгааг нь хардаа. Тэр эмэгтэй даамал яаж зогсч байгаа юм бэ??? Ташаагаа тулах нь холгүй. Тэр хотын дарга хийж байсан хүн 2 хөл нь майжиг байж болно. Зураг даруулахдаа жаахан тэгшхэн зогсчих арга алга уу? Хөл нь хугарах гээд байна уу? Алцайчихаад нэг сумаөс гарч үзээгүй мал эсвэл бөх бариолаж тархи нь төмсөг рүүгээ орчихсон юм царайтай. Төрөлхийн ийм оорк хүмүүсийг гадныхан яаж тоох юм бэ? Харах царайны анхны мэдрэмжээр…

0  |  1
зззз(150.129.143.156) 2022 оны 07 сарын 30

Манайхан сайн судалж үзэхгүй урхи маягын юманд орчих воо

1  |  0
гал(202.179.24.68) 2022 оны 07 сарын 28

Баахан мөнгө амлах биз.

0  |  0
Зочин(203.91.115.51) 2022 оны 08 сарын 08

Оросууд шиг салаавч үзээлчихээд явахгүй нь лав.

0  |  3
Top