Мандал сумын Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг бол айл өрх , ААН-үүдийг дулааны шугамд холбох асуудал юм. Энэ ажлын хүрээнд Мандал сумын нэгдсэн эмнэлэг, "Билиг" дунд сургууль, 3-дугаар сургуулийн захиргааны зүгээс дулааны шугамд холбогдох хүсэлтийг тус орон нутагт үйл ажиллагаа явуулдаг "СББ" ХХК-д гаргасан бөгөөд өнөөдөр /2022.08.11/ холбогдох албаны хүмүүс тус ажлын хэрэгжилтийн талаар олон талт уулзалтыг зохион байгуулсан байна.
Тодруулбал, Албан байгууллагуудын гаргасан саналд "СББ" ХХК-ний зүгээс нааштай хариу өгч, дулааны шугам сүлжээний бүтээн байгуулалтад зориулж, 250 сая төгрөгийн төсвийг суулгажээ. Эхний ээлжинд Мандал сумын нэгдсэн эмнэлгийг дулааны станцын төв шугаманд холбох ажил хийгдэх юм. Үүнтэй холбогдуулан баригдах ф150-ын 250 м дулааны шугамын зардлыг "СББ" ХХК хариуцаж, ус дулаан дамжуулах төв дээрх ялтсан бойлер болон бусад дагалдах тоноглолуудыг орон нутгийн захиргаа хариуцахаар боллоо.
Түүнчлэн сумын удирдлагын зүгээс "СББ" ХХК-д нийгмийн хариуцлагын хүрээнд бохирын шугамын ажил, зам засварын ажил эхлэхээс өмнө ахуй үйлчилгээний хэсгийн ААН, айл өрхийг дулааны шугамд холбох асуудлыг шийдүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн боловч компаний зүгээс шугамын диаметр хүчин чадал бусад хэрэглэгчийг нэмэх боломжгүй тул орон нутгийн зүгээс шаардлагатай шугам болон ус дулаан дамжуулах төвийг барих төсөв санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд дулаанаар хангах боломжтой гэсэн хариуг хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )