Сумын засаг дарга дархан цаазат газраас ХУУЛЬ БУСААР тарвага агнажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр тус цагдаагийн газарт “Завхан аймгийн Отгон сум, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан, дархан цаазат газраас тарвага агнасан” гэх мэдээлэл ирсний дагуу экологийн цагдаагаас шалгасан байна. Шалгалтын явцад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга 42 настай Б гэгч нь Завхан аймагт аялаж явахдаа, дархан цаазат газраас хоёр тооны тарвага агнасан болох нь тогтоогджээ.

Хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан агнасан, буу бусад зэсвэг ашигласан бол эрүүгийн хэрэгт тооцогддог байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 24.5 дугаар зүйлд, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.60) 2022 оны 09 сарын 06

хуулиас дээгүүр эрх мэдэлтэй сумын дарга гээд байгаа малнууд зөндөө байгаа шүү яг одоо шууд халах хэрэгтэй

0  |  0
Top