ТӨВ: Чежү хотын гоо сайхны үйлдвэрт өөх, тос нийлүүлэх санал тавив

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Төв аймгийн ИТХ-ын даргын урилгаар БНСУ-ын бие даасан Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон, албаны төлөөлөгчид есдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд албан айлчлал хийжээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд албан зочдод хэд хэдэн санал тавьсны дотор малын гаралтай өөх, тосыг Чежү хотын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нийлүүлэх талаарх хүсэлт байв. 

Үүнээс гадна Төв аймгийн төвд "Манзушир" шашин, соёлын цогцолбор байгуулах төсөлд хамтран ажиллах, Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, Чежү хотын хүнсний бүтээгдэхүүнийг Төв аймагт импортлох, Төв аймагт үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг Чежү хотод экспортлох талаар хамтран ажиллах буюу бизнес эрхлэгчдийг холбож, дэмжин ажиллах, Шинэ нисэх буудлаас буусан зочид төлөөлөгчид дамжин өнгөрөх гол газарт Чежү хот, Төв аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв бий болгох, Солонгос улсад 2010 онд байгуулагдсан Дэвшилтэд технологийн хүрээлэнгийн туршлагыг судалж, Төв аймагт Үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах, Төв аймаг, Чежү хотын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, хамтарсан сургалт, зөвлөгөөн, уулзалт хийхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтран баталж хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн үйл ажиллагаанд орчин үеийн дижитал, өндөр технологи ашиглахад хамтран ажиллах зэрэг саналуудыг Солонгос талд уламжилсан байна.

Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон, төлөөлөгчид хүсэлтийг хүлээн авч, судлан хариу мэдэгдэхээ илэрхийлжээ. Дашрамд өгүүлэхэд, Төв аймгийн ИТХ болон Бүгд найрамдах Солонгос Улсын бие даасан Чежү хотын ИТХ хооронд 2017 оны долдугаар сарын 08-нд хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны “санамж бичиг” байгуулсан байдаг. Санамж бичигт соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудыг хамтран хөгжүүлэхийн тулд түншлэлийг бий болгох, иргэд хоорондын найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, боловсон хүчний харилцан солилцоог өргөжин хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаар дурдсан байдаг ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top