Г.Эрдэнэтуяа: Улс төрийн тогтворгүй байдал гаднын хөрөнгө оруулалтыг бууруулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль, эрх зүйн орчин болон тулгарч буй бэрхшээл, гарц гаргалгааны талаар ярилцлаа.


-Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад тулгарч буй хүндрэл, бэрхшээл нь юу байна вэ. 2012 оноос хойш гаднын санхүүжилт буурсан үзүүлэлттэй байгаа шүү дээ?

-Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтын тоо хэмжээ сүүлийн жилүүдэд буурсан. Хөрөнгө оруулагчид юу хүсэж байна вэ гэдгийг олж харах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг татна хэмээн олон хуульд нэмэлт өөрчлөлт, зарим хуульд шинэчилсэн найруулга хийлээ. Ингэснээр хэр үр дүнтэй байх вэ гэдэг нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас харагдах юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчилсэн. Одоог хүртэл энэхүү хуулиа дагаж, ажилладаг. Гэвч энэхүү хуулийн шинэчлэл нь хөрөнгө оруулалтыг татахад тодорхой үр дүн өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 онд хийсэн. Энэ хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон хоёр жилийн хугацаанд багахан хэмжээний хөрөнгө оруулалтыг татсан байдаг. Ингээд харвал хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн зохицуулалтыг хүсэж байгаа юм. Мэдээж хэрэг хуулийн шинэчлэл, өөрчлөлтийг оруулж буй нь сайжруулахыг хүссэн нь тодорхой боловч хөрөнгө оруулагчдын хүсэлтэй нийцэхгүй байна.

Нөгөө талаас хууль эрх зүйн тогтворгүй байдал нь улс төрийн тогтворгүй байдлаас хамаарч байгаа юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаа явуулж буй дундаж хугацаа нь 1.8 жил байна. Энэ хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах төрийн залгамж халаа байхгүй байна. Цаг үедээ тохирсон, хөрөнгө оруулагчдын хүсэж буй зүйлийг манай улсын зүгээс өгч, амалж чадахгүй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход хугацаа их шаарддаг. Тиймээс бидэнд гадаад зах зээлд өрсөлдөх боломж бага байна. Гэвч нүүрсний салбарт давуу талтай байгаа. Жилд 4.6 тэрбум тонн нүүрсийг хэрэглэж буй урд хөрш маань бидний давуу тал юм. Гэтэл манай улс жилд 30 гаруй сая тонн нүүрсийг экспортлож байна. Үүнд цогц бодлогын шинэчлэл хийж, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, экспорт, импортын тэнцвэртэй байдлыг хадгалах шаардлагатай байгаа юм.

Мөн нүүрсний жишиг үнийн асуудал байна. Эрдэс, баялгийн салбаруудын хамгийн том сорилуудын нэг бол татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-тай холбоотой асуудал юм.

-Одоо бидэнд ямар боломж байгаа бол?

-Гадаад зах зээлд хэд хэдэн улс өөрсдийгөө уул уурхайн эх орон хэмээн нэрлэж байна. Гол давуу тал нь татварын таатай нөхцөлийг санал болгож байгаа. Манай улсаас ялгаатай нь хууль, эрх зүйн орчноо тогтвортой гэдгээ сурталчилж байна. Тиймээс манай улс бусад улсын хөрөнгө оруулалт татахаар хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар судлах шаардлагатай. Мөн уул уурхайгаа сурталчилж буй бусад улс оронтой өрсөлдөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хэмжээний үйл ажиллагааг хийх шаардлагатай байгаа юм.

Манай улс ойрын хугацаанд хөрөнгө оруулагчдад хууль ёсны үйл ажиллагаа явуулах боломжийг өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа энэхүү хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийж байгаа. Энэ нь олон улсад төслөө болон манай улсыг сурталчилж буй хэлбэр юм. Бид үүнд хамтарч ажиллах ёстой. Ойрын хугацаанд одоо байгаа төслүүдээ үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллахад төвлөрөх нь үр дүнтэй. Мөн хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

-Хөрөнгө оруулагчдыг хууль, эрх зүйн салбарынхан айлгаж, дарамталдаг, үйл ажиллагааг нь боож, хаадаг гэх мэт асуудлыг нийгэмд ярьсаар байна. Хөрөнгө оруулагчдын талаас ийм асуудалд орсон талаарх гомдол хэр их байдаг бол. Энэ нь эргээд ямар үр дагаврыг бий болгох вэ?

-2010 оноос хойш хөрөнгө оруулалтыг огцом бууруулсан зүйл бол хуулийн орчны тогтворгүй байдал. Манай улсын хэмжээнд 830 хууль хэрэгжиж байгаагаас эрдэс баялгийн салбарт 92 хууль нь шууд хамааралтай байдаг. Гэнэтийн хуулийг ихээр баталсан. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулиудыг гэнэт баталсан юм.

Энэ мэтээр бид хууль эрх зүйн орчны эрсдэлийг тооцож харах шаардлагатай байгаа. Янз бүрийн урт нэртэй хуулиас болж олон ч лицензийг цуцалсан. Үүнд зөвхөн гаднын хөрөнгө оруулагчдыг дурдсан юм биш. Дотоодын олон компаниуд үүнээс болж хаалгаа барьсан. Зарим нь хууль бус үйл ажиллагаа руу шилжсэн гэх мэтээр олон сөрөг үр нөлөөг агуулж байна. Тэгэхээр эрсдэлийг салбарынхан нь хамтдаа тодорхойлж, дараагийн хөрөнгө оруулагчдад үзүүлэх сөрөг нөлөөг багасгах шаардлагатай байгаа.

-Хайгуулын лиценз буурсан нь эргээд хөрөнгө оруулагчид буурахад нөлөөлөөд байна. Энэ жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуулын лицензээ нэмэхээр шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хайгуулын лиценз олголт хангалтгүй, үүнийг дагаад хөрөнгө оруулагчид ч төдийлөн идэвхтэйгээр энэ салбар руу орж ирээгүй юм болов уу гэж харж байна л даа?

-Энэ жилийн хувьд ч хайгуулын лицензийг нэмэгдүүлж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрдэс баялгийн салбарт хайгуулын чиглэлийн үйл ажиллагаа оруулж ирсэн байдаг. Гаднын шууд хөрөнгө оруулалтыг 2010-2012 онд хамгийн ихээр татсан. Энэ үед орж ирсэн хөрөнгө оруулалт ерөөсөө л хайгуулын чиглэлээр орж ирсэн байдаг. 2012 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглох тухай хууль гарснаас хойш хайгуулын лиценз эзэмшигчдийн тоо эрс багассан. Үүнтэй холбоотойгоор 2015 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт багахан нэмэгдсэн.

Тодруулбал, хоёр жилийн хугацаанд 1000 орчим тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эргээд 2017 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөхийг хориглосон. Энэ үеэс одоог хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин багассан үзүүлэлттэй байгаа. Хайгуулын үйл ажиллагаа нь хугацаа их шаарддаг, нөөцийг тодорхойлох, нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй байх эсэхийг нягталж, олборлолт руу шилжих хүртэл 10-15 жилийн хугацаа шаарддаг. Энэ хугацаа нь үргэлж олборлолтоос түрүүлж явах ёстой. Энэ жилийн хувьд 400 орчим хайгуулын лиценз олгоно хэмээн ярьсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс хайгуулын салбар хоцорч яваа гэж ойлгож болно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй, эсвэл маш багаар олгож, энэ чигээрээ үйл ажиллагаагаа явуулбал уул уурхайн салбарын одоогийн төслүүд дуусах үед дараагийн орд газар байхгүй гэсэн үг. Энэ нь эрдэс баялгийн салбарт маш том анхаарах шаардлагатай аюул нүүрлэсэн зүйл юм.

-Тэгвэл хайгуулын лицензээ нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарч ажиллах хэрэгтэй гэж харж байна?

-Засгийн газар шийдвэрээ гаргах ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоо зарласнаар гадаад болон дотоодын олон хөрөнгө оруулагчид хүлээлттэй байсан. Гэтэл олон нийтэд мэдээлсэн мэдээллээсээ буцаж, ухарсан. Тиймээс шийдвэрээ нэн даруй гаргах хэрэгтэй байна. Эхний ээлжинд Засгийн газар өөрөө бие дааж шийдвэр гаргахад ямар нэгэн нөлөө үзүүлэх хүчин зүйл байхгүй. Харин лицензээ олгож эхэлбэл дотоодын хөрөнгө оруулагчид, одоо байгаа хөрөнгө оруулагчид ч хайгуулын үйл ажиллагаагаа сэргээгээд ажиллах боломжтой.

-Малчид гэлтгүй орон нутгийн иргэдийн хувьд уул уурхайн салбарын талаарх мэдээлэл дутмаг байдаг. Хайгуул хийх явцад олборлолт хийх гэж буй мэтээр буруу ташаа ойлгож байна. Улмаар орон нутгийн иргэн болон хайгуул хийх компани хоорондын сөргөлдөөн жил ирэх тусам нэмэгдлээ. Энэ жил ч олон тохиолдлыг харлаа шүү дээ?

-Олон улсын стандартыг янз бүрийн байгууллага, Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж үзлээ. Зарим нь үр дүнтэй, зарим нь шууд хэрэгжүүлэх боломжгүй байна. Иргэдийн уул уурхайн талаарх ойлголт хомс гэдэг нь үнэн. Нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчид хууль эрх зүйн хүрээнд ямар эрх үүрэгтэйгээ сайн ойлгох хэрэгтэй. Хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж хийж буй ажлаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байна хэмээн мэдээлэх нь зохисгүй. Орон нутгийн иргэд тухайн төсөл хэрэгжүүлэгчдээ бизнесийн байгууллага гэдгээр нь харах хэрэгтэй. Зарим тохиолдолд дааж, давшгүй зүйлсийг тухайн байгууллагуудаас шаарддаг. Тиймээс олон улсын стандартыг монголчилж, Монголын хөрсөнд тохируулж, хөрвүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үгүй бол гаднын бүхий л стандарт, зарчмаар явдаг нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм.

Хайгуулын ажил олон давуу талтай. Хөрсөн доорх эрдэс баялгийн нөөцийг маань тодорхойлж өгдөг. Хөрөнгө оруулагчид 100 хувь өөрсдийн хөрөнгөөр нөөцийн хэмжээг тодорхойлж өгдөг гэсэн үг. Тиймээс хайгуулын ажлыг олборлолт, уул уурхайгаас тусад нь ойлгох ёстой. Энэ бол геологи, хайгуулын судалгааны ажил юм. Үүнээс ямар нэгэн байдлаар олборлолт хийхгүй. Нөөц тогтоож, улмаар эдийн засгийн үр өгөөжийг хангалттай өгч байвал дараагийн ашиглалтын асуудлыг ярьдаг. Тиймээс хайгуулын салбарт орж ирж буй хөрөнгө оруулагчид тодорхой төсөвтэйгөөр, эрсдэлээ тооцоолж, орж ирдэг онцлогтой салбар юм. Товчхондоо хаана, ямар эрдэс баялаг байгаа талаарх мэдээллийг манай улс мэдэж авч байна гэсэн үг. Мөн хайгуулын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл хамгийн бага байдаг. Байгальд бага зэргийн сөрөг нөлөөг үзүүлсэн байвал 100 хувь нөхөн сэргээж, байгальд үлдээсэн ул мөрийг нь ор мөргүй арилгах боломжтой юм. Энэ ойлголтыг оролцогч талууд бүгд ойлгох хэрэгтэй байна. Тиймээс хууль эрх зүйн шаардлагууддаа төсөл хэрэгжүүлэгчийн, орон нутгийн иргэдийн болон төр захиргааны байгууллагын эрх үүргийг тодорхой заах хэрэгтэй. Ойлголтын зөрүүтэй байдлаас л энэ бүх асуудал үүсэж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой.

-Уул уурхайн салбарын үр өгөөжийг тат­вараас авч байгаа гэж ойлгож болох уу?

-Уул уурхайн салбар олон оролцогч талтай. Хөрөнгө оруулалтын хамгийн том эрсдэлийг хөрөнгө оруулагч үүрдэг атлаа үр өгөөжийг нь оролцогч талууд хүртдэг. Тэгэхээр улсад үлдэж буй үр өгөөжийг татварын орчноороо л зохицуулж авч үлдэж байгаа. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татвар болон бусад татваруудыг ногдуулдаг. Тиймээс манай улс татвараараа үр өгөөжийг нь хүртэж байгаа.

-АМНАТ-аас үүсэлтэй уудлыг олон жил ярьж байна. Манай улсад өмнө нь компаниудыг АМНАТ-аас чөлөөлснөөр өгөөж хүртэж байсан тохиолдол байдаг шүү дээ?

-Монголын уул уурхайн ассоциацийн зүгээс АМНАТ ногдуулж буй 10 улсыг сонгож, манай улстай ижил уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ашигт малтмалын түүхий эдэд АМНАТ-ыг хэрхэн ногдуулж буй талаар олон улсын аудитыг хийлгэсэн. Үүнээс харахад зэсийн АМНАТ-ын хувьд манай улс хамгийн өндөр татварыг ногдуулж байсан юм. Тухайлбал, зэсийн бүтээгдэхүүнд АМНАТ-ыг ногдуулснаар тухайн компани ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Нүүрсэнд АМНАТ ногдуулж буйгаараа долоодугаарт эрэмбэлэгдэж байх жишээтэй.

Саудын Араб улс уул уурхай критикал минералийн чиглэлээр олборлолт явуулах гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг эхний таван жил АМНАТ-аас чөлөөлөх амлалтыг өгсөн. Энэ арга нь богино хугацаанд хөрөнгө оруулалтыг татахад оновчтой арга. Манай улсын хувьд энэхүү арга хэрэгжиж байсан тохиолдол бий. Анх гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахад уг аргыг ашиглаж байсан туршлага байгаа. Үр өгөөж нь тодорхой хугацаанд гарсан. Тиймээс хөрөнгө оруулалт, санхүүжилтаа нэмье гэвэл татварын орчинг эргэж харах шаардлагатай, өрсөлдөхүйц байх хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 12

энэ бүсгүй чухам юу хийхийг хэлж өгсөнгүй нэлээд өргөн хүрээнд сэтгэдэг судалгаа сайтай байж л яавал зөв бэ гэдгийг хэлэх байх л даа.оросуудын хайгуулын илтгэлүүдийг манайх бүгдийг нь авч чадсан юм уу үгүй юу Яльгүй дайчиндуухан хүн ажиллах алба юм боловуу Алгаа,Дамба гэсэн нөхдүүд жаал юм салгаж аваад алга болов бололтой.Дамба Хятдуудтай бага зэрэг сүжрээд орхив

0  |  0
zochin(106.154.128.3) 2022 оны 09 сарын 12

ene avgai unuudur medej bga yum baih daa ali garig deer amdraad bna Mgl ulstai ajil had hundee adgiin naad zah n huviin soelgui thag hugthaandana amalsan ajil duusgui tgagaa bardgui toothvol duusahgui asuudal bidend bga dor burnee neg.g bodohgui ene maygaar urgach ajil yavhad hund

0  |  0
Top