СЭЛЭНГЭ: Түнхэл, Мандал суманд "Баяжуулах цех" байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа “Алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулахад оруулах хувь нэмэр" төсөл Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэрэгжинэ. Өнөөдөр “Алтны бичил уурхайн зөвлөл" ТББ-ын төслийн менежер болон бусад ажилтнууд Мандал сумын удирдлагуудтай хамтын ажиллагааны талаарх уулзалтыг хийлээ.
 
Төслийн гол зорилго нь бичил уурхайчдын үйл ажиллагааг албажуулах, зохион байгуулалтанд оруулах, мөн шинэ техник технологийг туршиж нэвтрүүлэх замаар мөнгөн усны далд хэрэглээг бууруулах гол зорилгыг агуулж байгаа юм.
 
Төслийн хэрэгжүүлэгчээр НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ийн аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Канад улсад төвтэй Канадын “Алтны бичил уурхайн зөвлөл" ТББ, Монгол Улсын БОАЖЯ-тай хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд Мандал болон Түнхэл тосгонд баяжуулах хоёр цехийг байгуулах ажээ.
 
Энэ талаар төслийн зохицуулагч Б.Алтанбагана "Төсөл хэрэгжүүлэх орон нутгийг тухай төслийн хэрэгжих боломж цаг хугацаа, орон нутгийн дэмжлэг, бичил уурхайн албан ёсны газрын зөвшөөрөл баяжуулах технологийн боломж хүртээмжийн асуудал гэх мэтчилэн олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан сонгосон. 2019 оноос хойш төслийн хүрээнд хэд хэдэн судалгааг хийсэн ба бичил уурхай дахь аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин, бичил уурхай дахь жендерийн асуудал гэх мэтчилэн сургалтуудыг зохион байгуулсан байна. Бичил уурхайн шинэ журам гарсан. Энэ журмыг бичил уурхай эрхлэгчдэд ойлгуулах нь чухал байгаа юм. Энэ хүрээнд бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд бичил уурхайчдын зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Албажуулан нэгдсэн зохион байгуулалтад орохын ач холбогдлыг бичил уурхайчид мэдрэх учиртай үүний тулд олон ажлыг зохион байгуулна. Төслийн үр дүнд зохион байгуулалтанд орсон загвар бичил уурхайг бид бий болгох учиртай юм" гэж ярилаа.
 
Харин Мандал сумын удирдлагуудын зүгээс хариуцлагатай, иргэний эрхийг дээдэлсэн, аюулгүй орчныг бий болгох нь чухал байгааг онцлон хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top