Монгол Улсын Хөгжлийн банк “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт 86.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт Хан-Уул дүүрэгт байрлах “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгын орон сууцыг өөрийн эзэмшилд бүртгэн аваад байгаа.
Энэхүү хотхон Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд бүрэн шилжсэн бөгөөд “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилгын 22 орон сууц багтаж байгаа юм.
Эдгээр орон сууцны борлуулалтын орлого Хөгжлийн банкны дансад байршиж, зээлийн эргэн төлөлт мөнгөн хэлбэрээр хаагдана.
Тиймээс “Гантиг вилла” хотхоны орон сууцыг худалдан авах хүсэлтэй иргэд “Монгол мах экспо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээ байгуулж худалдан авах боломжтой бөгөөд төлбөр тооцоог холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд байршуулах юм.
Харин худалдан авсан орон сууцны гэрчилгээг Хөгжлийн банкнаас худалдан авагчдад шилжүүлэн өгнө. Ямар нэгэн хөнгөлөлтөөр болон хэн нэгэнд давуу байдал олгож худалдан борлуулахгүй. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод хүргэж, зах зээлийн жишиг үнээр борлуулахаар болсон тухай өчигдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )