"Хүүхдээ үрчлүүлнэ" гэх зарын дагуу цагдаагаас шалгалт явуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Өчигдөр буюу есдүгээр  сарын 15-ны өдөр цахим орчинд “Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зар мэдээллийг иргэн нийтэлсэн байдаг.

Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоон, хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэн, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт мэдээлэл хүргэн, хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харъяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байна.

Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагаас холбогдсон даруйд нийтэлсэн зар мэдээллээ өөрөө устгажээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох төрийн байгууллага, хамтарсан багтай хамтран ямар шалтгаанаар тухайн зарыг нийтэлсэн болохыг тогтоох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top