Орос болон Хятадын нягт харилцаа, хамтын ажиллагаа нь АНУ-ын дэлхийд ноёлох хүсэл эрмэлзэлд аюул учруулж байна гэж Америкийн Батлан хамгаалах яамны тагнуулын удирдах газрын ажилтан асан Ребекка Коффлер “Fox News”-д ярьсан байна.
Тэрбээр Самаркандад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтын дараа ийнхүү ярьжээ.
Хэрэв Пентагоны АНУ-ын хамгийн ойрын өрсөлдөгч гэж үздэг эдгээр улс тус тусдаа АНУ-д аюул заналхийлж байгаа бол тэдний эвсэл энэ аюулыг улам бүр нэмэгдүүлнэ гэж Ребекка Коффлер ярьсан байна.
Пентагоны ажилтан асны үзэж байгаагаар Москва болон Бээжин Вашингтоны дэлхийн тавцан дахь үүргийг сулруулах зорилготой байгаа аж.
Үүнээс гадна тэрбээр Москва, Бээжингийн холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хүндийн төв Ази тивд шилжсэнийг онцолсон байна.
Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Владимир Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээний уур амьсгал сайхан байсан” гэж мэдэгдсэн билээ.
Самарканд дахь Путин, Ши Жиньпин нарын уулзалт ОХУ болон Хятадад ашигтай нь ойлгомжтой хэмээн шинжээчид дүгнэж буй. Оросууд эдийн засагт нь хүндээр туссан олон улсын хориг арга хэмжээг даван туулах арга замыг хайж, Оросын бүтээгдэхүүний шинэ зах зээлийг бий болгох, эсвэл Европын Холбооноос импортлох боломжгүй бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх шинэ нийлүүлэгчдийг олж авна гэж найдаж байгаа бол Хятадын хувьд ганцаардаж байгаад Ши Жиньпин санаа зовниж буй. Олон улсын систем дарангуйллын эсрэг ардчилал руу явж байгаа бол Хятадад Орос хэрэгтэй болно гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )