Нэг туйлт ертөнц бүтээх оролдлого дэлхийн ихэнх орны ашиг сонирхолд огт нийцэхгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзахдаа мэдэгджээ. Ши Жинпинь Москвагийн хамтаар тогтвортой, эерэг хөгжлийн замд дэлхий дахиныг гаргахад “голлох үүрэг” гүйцэтгэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Путин Бээжин Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар тэнцвэртэй байр суурь баримталж буйг өндрөөр үнэлж, энэ асуудалд сэтгэл зовниж буйг нь ойлгож байна гэж мэдэгджээ. Энэ бол Ши Жинпинь, Владимир Путин нарын 2022 онд хийж буй хоёр дахь удаагийн биечилсэн уулзалт. Үүнээс өмнө Бээжингийн олимпын нээлтийн үеэр уулзаж байв.
ШХАБ-ын ирээдүйн төлөв
В.Путины хэлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө тус байгууллагыг бүтээлч хамтын ажиллагааны талбар болгон бэхжүүлэх зорилт тавигдаж байна. ШХАБ-ын эгнээнд өөр өөрийн соёл, уламжлалтай, гадаад бодлогын чиглэлтэй, хөгжлийн загвартай улс орнууд багтаж байна. Гэсэн хэдий ч харилцан ашигтай, тэгш эрхтэй байх, бие биеийнхээ тусгаар, бие даасан байдлыг хүндэтгэх зарчим дээр тулгуурласан үйл ажиллагааны дүнд ШХАБ түүхийн хувьд богино хугацаанд олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болж чадсан гэжээ.
Эрэмдэг нэг туйлт ертөнц
ОХУ, БНХАУ нь хэн нэгний зохиож, бусдад тулгасан дүрэмд бус олон улсын эрх зүй, НҮБ-ын үүрэг дээр тулгуурласан шударга, ардчилсан, олон туйлт дэлхийн хэв журмын төлөө зогсож байна. Ши Жинпинь дэлхий дахин түүхэндээ үзэж байгаагүй асар их өөрчлөлтийн өмнө зогсож байна гээд БНХАУ ОХУ-тай хамтран хариуцлагатай дэлхийн гүрний үлгэр жишээ үзүүлж, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг тогтвортой, эерэг хөгжлийн замд гаргахад голлох үүрэг гүйцэтгэхэд бэлэн хэмээн онцолжээ. Тэрбээр Бээжин талуудын ашиг сонирхлыг хөндсөн асуудалд харилцан дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Тайванийг тойрсон өдөөн хатгалаг
ОХУ “Нэг Хятад” зармыг хатуу баримталж, АНУ-ын Тайвань явуулж буй өдөөн хатгалгыг буруутгаж байна. Ши Жинпинь нэг ч улс орон Тайванийн асуудлыг шүүх эрх байхгүй гээд Бээжин Тайванийн талаар баримталж буй Москвагийн байр суурийг өндрөөр үнэлэв. Орос-Хятадын хамтын ажиллагаа Москва, Бээжингийн гадаад бодлогын “хослол” дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэж байна гэж талууд онцолжээ. 2022 оны байдлаар, хоёр талын худалдааны эргэлт дээд үзүүлэлтэд хүрсэн гэж Путин онцолжээ. Энэхүү үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилго удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт 35 хувиар өсөж, 140 тэрбум ам.долларыг давжээ.Энэ оны эхний долоон сард худалдааны эргэлт 25 хувиар өсөөд байна.
Бээжин Москвад хандан ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд үйл ажиллагааны уялдааг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамтран хамгаалахыг уриалжээ.