ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
18 минутын өмнө

Киргизийн Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ удаагийн уулзалт тус байгууллагын 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Тус уулзалтад ШХАБ-ын гишүүн есөн орны төр, засгийн тэргүүн нар, ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш 15 улсын тэргүүн нар болон хэд хэдэн орны төрийн тэргүүн нар зочны хувиар оролцож байна. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцож байна.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаан “ШХАБ-ын 25 жил: Ирээдүйн хамтын хөгжлийн төлөө тогтвортой байдлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн дор болж, тус байгууллагын 25 жилийн үйл ажиллагааг дүгнэнэ. Үүний дараа ШХАБ+ форматын уулзалт болох бөгөөд үүнд ШХАБ-ын ажиглагч, түнш болон зочин орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцоно.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр нийт 20 гаруй баримт бичиг, тэр дундаа Бишкекийн тунхагт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Тунхаг бичигт тус байгууллагын бүс нутгийн болон олон улсын чанартай асуудлаар баримтлах байр суурийг тусгах бол ШХАБ-ын дүрэмд өөрчлөлт оруулах протоколыг байгуулах замаар бүтцийн өөрчлөлт хийхээр мөн төлөвлөжээ. Баримт бичгүүд нь эрчим хүч, цөмийн болон мэдээллийн аюулгүй байдал, гамшгийн үр дагаврыг арилгах, мансууруулах бодистой тэмцэх зэрэг салбаруудыг хамрах аж.

Түүнчлэн, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ШХАБ-ын түнш гэсэн шинэ ангиллыг бий болгож байна. Эл ангилал нь ажиглагч, хамтын ажиллагааны түнш гэсэн хоёр статусыг нэгтгэж байгаа тул тус байгууллагын бүтцийг хөнгөвчилнө гэж үзэж байна. Ингэснээр, ШХАБ-тай хамтарч ажилладаг гишүүн бус орнууд ШХАБ-ын түнш орны статустай болно.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр талын уулзалтуудыг хийх юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top