Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Хятадын Тяньжин хотноо болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь ШХАБ-ын 24 жилийн түүхэнд цар хүрээгээрээ дээд амжилт тогтоов. Уулзалтад ШХАБ-ын бүх гишүүн 10 орны төрийн тэргүүн, ажиглагч орнууд болон яриа хэлэлцээрийн түнш орнуудын төр, засгийн тэргүүн нар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, НАТО-ийн хоёр гишүүн орон болох Турк, Словакийн төрийн тэргүүн нар оролцлоо.
Арга хэмжээний гол “баатрууд” нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Наредра Моди нар байв.

Дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын хөгжлийн урт хугацааны стратегийг батлах, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хурцадмал байдал, АНУ-ын зүгээс худалдааны хязгаарлалтаа тэлж буй нөхцөл байдалд аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг сэдвийг голчлон хэлэлцэв.
Дээд хэмжээний уулзалтын гол үр дүн нь Тяньжиний тунхгийг батлан гаргасан явдал юм.
Тунхагт нэг талын албадлагын чанартай, тэр дундаа эдийн засгийн шинжтэй арга хэмжээг буруутгасан нь АНУ-ын хориг арга хэмжээ, тарифын бодлогыг шууд тусгасан явдал хэмээн шинжээчид үзэж байна.
Баримт бичигт мөн Израил, АНУ-ын Иранд өгч буй цохилтууд болон Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг үүсгэсэн үйлдлийг буруутгажээ. Тус бүс нутагт зөвхөн Палестины асуудлыг шударгаар шийдвэрлэснээр энх тайван тогтоох боломжтой гэж онцолсон байна.
Талууд олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс суурь болох дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хүч үл хэрэглэхийг нотлов.
Талууд мөн сансар, мэдээлэл, харилцаа холбооны салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлж, энэ салбарт хамтран ажиллахыг урилжээ.
Тяньжиний тунхагт Дэлхийн хоёрдугаар дайны тухай түүхэн ой санамжийг хайрлан хамгаалах шаардлагатайг онцолж, нацизмын үзэл санааг сэргээх, фашизмыг бут ниргэхэд оролцсон орнуудын ард түмний үүргийг гажуудуулах гэсэн оролдлогыг буруутгав.

ШХАБ-ын 2035 он хүртэлх хөгжлийн стратеги
Дээд хэмжээний уулзалтаар баталсан хоёрдох чухал баримт бичиг нь ШХАБ-ын 2035 он хүртэлх хөгжлийн стратеги байв.
Тус стратеги нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтууд, үндсэн чиглэлүүдийг тодорхойлжээ.
ШХАБ-ын стратегийн ач холбогдол нь зохицуулалтаас байнгын үйл ажиллагаатай бүтцүүдийг байгуулахад шилжиж явдал юм. Тухайлбал, Аюулгүй байдлын сорилт, заналхийллийг сөрөх төвийг Узбекистаны Ташкент хотноо байгуулах бөгөөд үйл ажиллагаа нь терроризм, цахим халдлага зэрэг орчин цагийн бүх хэлбэрийн аюул, заналхийлэлд цогц хариу үйлдэл үзүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн, ШХАБ-ын Хар тамхитай тэмцэх төвийг Тажикстаны Душанбе хотноо хар тамхины үйлдвэрлэл, хууль бус наймаатай тэмцэх хүчин чармайлтыг зохицуулах зорилгоор байгуулахаар тусгажээ.
Эдийн засгийн интеграц
Стратегид ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэг хараат бус санхүүгийн дэд бүтцийг байгуулах чиглэл, тээвэр, эрчим хүч, цахим эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр заажээ.
ШХАБ-ын Хөгжлийн банк нь ШХАБ-ын орон зайд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх зорилготой.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын банк хоорондын консорциумд зориулж 10 тэрбум юанийн зээл, хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ зарласан байна.

ШХАБ-ын Хөгжлийн банк нь өрнөдийн бус орнуудын байгуулж буй хараат бус санхүүгийн хоёрдох байгууллага болох юм. Эхний нь БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк билээ. Гэхдээ эл хоёр банкны хооронд цар хүрээ, зорилго, үүсгэн байгуулагчдын хувьд зарчмын ялгаа бий. ШХАБ-ын Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээний төсөл бус харин блок доторх худалдаа, хөрөнгө оруулалтыг гаднах хориг арга хэмжээний дарамтаас хамгаалах, үйлчлэхэд чиглэх аж.
Нарендра Моди, Ши Жиньпиний уулзалт
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт нь дэлхийн анхаарлын төвд байлаа. Нарендра Модигийн хувьд сүүлийн долоон жилд анх удаа ийн БНХАУ-д айлчилж байна. Ройтерс агентлагийн мэдээллээр, хоёр талын яриа хэлэлцээ онцгой үр дүнд хүрэв. Талууд 2020 онд хаагдаад байсан хоёр улсын хооронд шууд нислэгээ сэргээхээр тохиролцсон.
Моди, Ши нар мөн Энэтхэг, Хятад хоёр улс нь “өрсөлдөгчид бус харин түншүүд” хэмээн мэдэгдсэн нь АНУ-ын зүгээс худалдааны дарамт шахалт нэмэгдэж буй энэ үед хоёр улсын харилцаа дулаарч байгаагийн дохио боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )