Н.Одбаяр: Хийн хоолойн асуудлыг Орос, Монгол, Хятад гурвуулаа ярилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтаар ямар асуудлыг хөндсөн талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодрууллаа.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтаар Монгол Улсын хөндөж буй асуудал юу байв?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд Монгол Улс ажиглагчийн хувиар оролцож байна. Хоёр болон гурван талт уулзалтаар маш олон асуудлыг хөндөж, санал солилцлоо. НҮБ-ын Ази номхон далайн эдийн засгийн комиссын даргатай уулзаж, НҮБ-ын хүрээнд Ази номхон далайн бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах талаар хөндлөө. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхний нарийн бичгийн даргын айлчлалын мөрөөр хэрэгжих ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг Ази номхон далайн бүс нутагт хэрхэн цогцлоох талаар ярилцсан.

-Узбекстан улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар ямар, ямар асуудлыг хөндсөн бэ?

-Узбекстан улсын Ерөнхийлөгчтэй маш дэлгэрэнгүй санал солилцлоо. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдий ч идэвхтэй харилцаа хамтын ажиллагаа өрнөөгүй байсан. Харин 2016 оноос хойш идэвхжиж эхэлж байгаа. Хоёр талын харилцан ашигтай байх бүхий л талаар санал солилцлоо.

Узбекстан улсын хувьд манай улстай түүхэн холбоотой. Узбекстаны зүгээс худалдааны эргэлтийг сэргээх, өндөр түвшинд хүргэх санал тавьж байна. Соёл боловсролын түвшинд маш эрчимтэй хамтын ажиллагааг өрнүүлэх санал тавилаа. Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Энэ айлчлалын хүрээнд дипломат төлөөлөгчийн газар нээх талаар ярилцсан.

-ОХУ, БНХАУ-тай гурван талт уулзалт хийсэн. Энэ үеэр Монгол Улс эдийн засаг, тээвэр логистикийн асуудлаа тэлэх саналуудыг тавихаар төлөвлөж оролцсон. Үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Уулзалтаар эдийн засгийн коридорыг тэлэх талаар маш дэлгэрэнгүй ярилцсан. Анх удаа гурван тал гурвуулаа хийн хоолойн асуудлыг ярилаа. Энэ төсөл бол бодитой хэрэгжихээр харагдаж байна. Мөн боомтын асуудлыг ч хөндсөн. Нээж болох боомтуудыг нээж, төмөр замын гарцаа нэмэгдүүлэх асуудлаар эрчимтэй ажиллана гэдгээ гурван тал илэрхийлсэн. Энэ бол маш чухал алхам гэж үзэж байна.

-Өнөөдөр ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан болно. Энэхүү уулзалтаар Монгол Улс ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Өнөөдөр ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан болно. Мэдээж ШХАБ-ын ажиглагчийн статусаа хадгална. ШХАБ-ын бүх гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх байр сууринаас оролцно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top