ШХАБ: Гурван орны төрийн тэргүүний 6 дахь удаагийн уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Zindaa.mn сайтын сурвалжлагч Узбекистан улсын Самарканд хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

ШХАБ-ын уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2022.09.15/ Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзалт хийх юм.


Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарав.

Төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 оны есдүгээр сард Душанбе хотноо ШХАБ-ын Дээд хэмжээний ээлжит 14 дүгээр хуралдааны үеэр зохион байгуулав. Анхдугаар уулзалтыг “Улаанбаатарын уулзалт” хэмээн нэрийдсэн нь анхлан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсантай холбоотой. Уулзалт үр өгөөжтэй болж, гурван улсын хооронд хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо буйг харуулав. Цаашид гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулахаар тохиролцож, мөн гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх механизмыг бий болгох шаардлагатай талаар Төрийн тэргүүн нар санал нэгдсэн болно.

Энэхүү уулзалтын өмнөхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин (2014 оны 8 дугаар сард), ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар (2014 оны 9 дүгээр сард) Монгол Улсад ээлжлэн айлчилж, Монгол-Хятад, Монгол-Оросын харилцааны түвшнийг ахиулсан аж.

Төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сард ШХАБ-ын Дээд хэмжээний 15 дугаар хуралдааны үеэр болж, уулзалтын хүрээнд Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Улмаар тус хөтөлбөрийг Узбекистан Улсын Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-24-ний өдөр зохиогдсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар гарын үсэг зуран баталгаажуулав. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд 3 тал анх удаа байгалийн хийн хоолойн төслийн талаар баримт бичигт тусгав.

Төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо, тавдугаар уулзалт 2019 оны 7 дугаар сард Киргизстан Улсын Бишкек хотноо тус тус болов.

Монгол, Орос, Хятадын Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт нь гурван талт механизмыг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү уулзалтаар гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах болон гурван талт хамтын ажиллагааны бусад асуудлуудын талаар хэлэлцдэг уламжлалтай.

Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх эхний алхам болсноор ач холбогдолтой байв. Анхдугаар уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, оросын талаас Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Чөн Гуопин нар ахлав.

Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 3 дугаар сарын 23 өдөр зохион болсон. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Чөн Гуопин нар тус тус төлөөлөгчдөө ахлан оролцсон болно.

Гуравдугаар зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр болсон. Уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, оросын талаас Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулаов, хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Ли Хуэйлай нар ахлав.

Дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, оросын талаас Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар ахалсан болно.

Тавдугаар зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаөшү, оросын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын захирал Георгий Вениаминович Зиновьев нар ахалж оролцов.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgeni nam(103.229.122.249) 2022 оны 09 сарын 15

portuna ged bas neg hulin hudal huuramch batmoh darga hu gel ichihgui shuu. tee. portuan gele jambin batmonh huu gele tegsen huudal hurmach shou.luibar shuu.

0  |  0
zochin(103.229.122.249) 2022 оны 09 сарын 15

yu.tsedenbal ner der neg medrel tuba balhajab maidar 2 nield shou higel ingej muhai dormjolosn bi harlaa. bid uuchlahgui.

0  |  0
zochin(103.229.122.249) 2022 оны 09 сарын 15

yu.tsedenbal ner der huuramch balhajab mongol haan bolj togloj doromjolson baidag baigama.

0  |  0
aagii(192.82.64.247) 2022 оны 09 сарын 15

2 ерөнхийлөгч байгаад байдаг манайх солигдоод байдбг энэ ер нь ардчилалын давуу талуу сул талуу?

0  |  0
Top