Завхан аймгийн Баянтэс суманд гарсан ой хээрийн түймэр Тува улсын хилийг давж, тус улсын хилчид хамтарсан 100 гаруй хүн, хоёр улсын 400 орчим алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар байгаа талаар Завхан аймгийн ОБГ-ын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Ганзоригоос тодрууллаа.
-Түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Цурманд оруулж чадсан уу?
-Одоогоор түймрийн 90 орчим хувийг цурманд оруулаад байна. Тухайн гал түймрийн хувьд хилийн заагт гарсан, дээр нь шигүү ой модтой, өнжмөл шар өвстэй, бартаатай газар учраас унтраахад хүндрэл тулгарч байгаа. Одоогоор урьдчилсан мэдээгээр 7200 орчим га газар шатсан гэх мэдээлэл байна. Гэхдээ бүрэн мэдээллийг түймрийг унтраасны дараа гаргах болно.
-Хоёр талаасаа зэрэг унтрааж байгаа байх. Ямар нэгэн агаарын техник ашиглаж байгаа юу?
-Түймэр унтрааж буй хүмүүсийг гурван хэсэгт хуваагаад хэсэг дотор нь аравтын системд оруулан унтрааж байна. Энэ аргачлал үр дүнгээ өгч байна гэж харж байгаа.
-Түймрийг шалтгаан, хохирлын хэмжээг олж тогтоосон уу?
-Шалгах шатандаа явж байна. Хоёр улсын хилийн зааг дээр гарсан учраас энэ ажил удаашралтай явах байх. 7200 га гэдэг бол маш том талбай. Үүнд ногдох экологийн сүйрлийн хэмжээ багагүй байх болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн жилүүдэд Завхан аймагт гарч байгаа түймрүүд тэр дундаа манай аймгийн Алдархаан суманд нэлээд олон удаагийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Тэдний гол шалтгаан нь айлын хороо бууц шатсантай холбоотой. Тэгэхээр нутгийн иргэд ч хуурайшилт ихтэй энэ үед анхаарал сэрэмжтэй баймаар байна.
Сэтгэгдэл ( 0 )