Тайландад CNN агентлагийн сурвалжлагчдын эсрэг хэрэг үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

 

Тайландын Нонгбуалампху мужийн Утхайсаван дүүргийн захиргаа гэмт хэргийн газар зөвшөөрөлгүй нэвтэрсний төлөө CNN агентлагийн сурвалжлагчдын эсрэг хэрэг үүсгээд байна.

Тус агентлагийн хоёр сурвалжлагч цагдаагийн түрүүч асан Панья Кхамрал 38 хүн, тэр дундаа 24 хүүхдийг буудаж, хөнөөсөн хэрэг гарсан хүүхдийн төвийн байр руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Утхайсаван дүүргийн зөвлөл тэднийг Тайландад хүндэтгэлгүй хандан, мөрдөн шалгалт явж буй гэмт хэргийн газар хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгаж байна.

Тэд аймшигт аллага гарах өдөр Тайландад жуулчны визээр ирсэн бөгөөд хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд хэргийн газар ирж, нууцаар орсон байна. Сурвалжлагчдыг байрнаас гарч, хашаа давж байхад нь нутгийн иргэд зургийг нь авчээ. Австрали, Их Британийн иргэн болох тус хоёр сурвалжлагч хэргийн газар авсан дүрс бичлэгээ агентлагийн интернэт сайтад байршуулж амжсан байна. CNN агентлагийн сурвалжлагч нарын энэхүү үйлдлийг Тайландын сэтгүүлчдийн холбоо болон Тайланд дахь гаднын сэтгүүлчдийн клуб хатуу шүүмжилжээ. Сурвалжлагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх мэдээлэл гарсны дараа CNN агентлаг дүрс бичлэгийг сайтаасаа устгаж, уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ.

Сэтгүүлчдэд нэг хүртэл жил хорих ял эсвэл торгууль ногдуулж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top