НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн 90 хувь нь шийтгэлгүй үлдэж буй тухай мэдээлжээ.
Өнгөрсөн 2019 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо дэлхийн хэмжээнд хоёр дахь буурсан нь сүүлийн арван жилд байгаагүй бага үзүүлэлт. 2018 онд 99 сэтгүүлч амиа алдсан бол 2019 онд энэ тоо 56 хүртэл буурчээ. 2010-2019 онд нийт 894 сэтгүүлч ажил мэргэжлийн улмаас амиа алдсан байна.
Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хамгийн олон тооны буюу 22 сэтгүүлч, Ази, Номхон далайн бүс нутагт 15, Арабын улс орнуудад 10 сэтгүүлч амиа алджээ.
ЮНЕСКО-гийн мэдээллээс үзвэл, сэтгүүлчдийн амь насанд халдсан гэмт хэргийн 61 хувь нь зэвсэгт мөргөлдөөнгүй улс орнуудад бүртгэгджээ. Тиймээс сэтгүүлчид зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжлах үед эрсдэлд орохоос гадна орон нутгийн улстөрч, авлигын хэрэг, хууль бус ажиллагааг эрэн сурвалжлах явцад гэмт этгээдүүдийн гарт үрэгдэж байна гэж ЮНЕСКО дүгнэжээ.
Сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл нь бүхэлдээ шүүмжлэлийн дуу хоолойг боогдуулах, иргэдийн мэдээлэл авах боломжийг хаахад чиглэж байна гэж тус байгууллага онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )