Саудын Арабын шүүх 2018 оны аравдугаар сард Туркийн Истамбул хотноо хөнөөгдсөн “Washington Post” сонины сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэргээр эцсийн шийдвэр гаргажээ. Саудын Арабын Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ хэрэгт буруутгагдсан найман этгээдийн тавд нь 20 жил, нэгд нь 10, хоёрт нь долоон жилийн хорих ял оноосон байна.
Хашоггийн сүйт бүсгүй Хатиж Женгиз шүүхийн шийдвэрийг шударга ёсыг уландаа гишгэсэн тохуурхал хэмээжээ. Түүний хэлснээр, Саудын эрх баригчид Жамалыг хөнөөсөн хариуцлагыг хэн хүлээх, аллагыг хэн төлөвлөсөн, хэн тушаал өгсөн, цогцос нь хаана байгаа тухай дэлхий дахинд үнэнийг хэлэлгүйгээр хэргийг хаалаа. Энэ бүх асуулт хариултгүй үлдэж байна. Олон улсын нийгэмлэг энэ инээдмийн жүжгийг хүлээн авахгүй гэж Женгиз онцолжээ.
Саудын Арабын шүүхийн энэ шийдвэр Турк улсын болон олон улсын нийгэмлэгийн хүлээлтийг биелүүлсэнгүй гэж Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч Фахреттин Алтун мэдэгджээ. Тэрбээр “Бид өнөө хэр Хашоггийн цогцос хаана байгааг, хэн түүнийг хөнөөх сонирхолтой байсан, Туркт хамсаатан байсан эсэхийг мэдэхгүй байна” гэж онцлоод Саудын эрх баригчид Турк улсын нутаг дэвсгэрт гарсан аллагын хэргийг тодорхой болгох тал дээр хамтран ажиллах үүрэгтэй гэжээ. Энэ нь ирээдүйд дахин ийм аймшигт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх цорын ганц арга хэмээн онцолсон байна.
Саудын Арбын нэрт сэтгүүлч Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдарч, “Washington Post” сонины тоймчоор ажиллаж байжээ. Тэрээр 2018 оны аравдугаар сард Истамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд алуулсан. Саудын Арабын эрх баригчид эхэндээ түүнийг алга болсныг үгүйсгэж байсан ч дүрс болон дуу бичлэг ил болсны дараа тэрээр алуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Хашоггийн цогцос өнөө хэр олдоогүй байна. Саудын Арабын эрх баригчдыг хатуу шүүмжилдэг байсан Хашоггийг хөнөөх тушаалыг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг өгсөн хэмээн хэвлэлүүдээр таамаг дэвшүүлж байсан ба тус улсын гадаад хэргийн яам угсаа залгамжлах хунтайж энэ хэрэгт холбоогүй гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Хашоггийн том хүү эцгийн нь хөнөөсөн этгээдүүдийг өршөөсөн тухай мөн мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )