ШУУРХАЙ: Жамал Хашоггийн хэргээр таван этгээдэд цаазын ял оноолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Саудын Арабын шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Истанбулд “Washington Post” сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамал Хашоггийн амь насыг хөнөөсөн хэргээр таван этгээдэд цаазын ял оноож, гурван этгээдэд 24 жил хүртэл хорих ял оноожээ.

Саудын Арабын засгийн газар, угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Сальманы бодлого, үйл ажиллагааг шүүмжлэгч Жамал Хашогги Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байранд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр амиа алдсан. Саудын Арабын тал эхэндээ түүнийг Ерөнхий консулын газраас амьд сэрүүн гарсан гэж мэдэгдэж байсан ч хожим нь Жамаль Хашоггийн амь насаа алдсаныг хүлээн зөвшөөрч, консулын ажилтнуудтай муудалцсаны эцэст санамсаргүй байдлаар амиа алдсан хэмээн мэдээлж байв. Сүүлд энэ аллагыг зохион байгуулалттай байсныг хүлээн зөвшөөрсөн. Түүний цогцос өнөө хэр олдоогүй байгаа билээ. Туркийн тагнуулын алба гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн хэрэг байсан гэх дүгнэлт хийсэн бол АНУ-ын Тагнуулын төв агентлаг ханхүү бин Сальманы энэ аллагыг захиалсан хэмээн мэдээлж байсан билээ. Ханхүү бин Сальманы зүгээс энэ хэрэгт холбоотой гэх мэдээллийг няцаасан.

Саудын Арабын прокурорын мэдээлснээр, ханхүүгийн ахлах туслах Сауд аль- Катанийг энэ хэрэгтэй холбогдуулан шалгасан ч нотлох баримт олдоогүй гэх үндэслэлээр сулласан байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж байсан арван хүнийг нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр сулласан гэж прокурор мэдэгджээ.

Хаалттай хаалганы цаана болсон шүүх хурлыг олон улсын стандартын дагуу явуулаагүй бөгөөд Саудын Арабын эрх баригчид үүнд саад хийсэн хэмээн хүний эрхийн байгууллага “Human Rights Watch” мэдэгдээд байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, таван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top