“Amazon”-ы тэргүүний утсыг Саудын хунтайжийн утаснаас хакерджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

АНУ-ын “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын гар утсыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман аль Саудын гар утаснаас явуулсан гэх вирустэй файлын тусламжтайгаар хакерджээ гэж Британийн “The Guardian” сонинд мэдээлжээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, тагнуулын программыг Безосын утсанд 2018 оны тавдугаар сард хунтайжийн WhatsApp аппликэйшнээр түүнд явуулсан дүрс бичлэг бүхий файлын тусламжтайгаар суулгасан гэж сэжиглэж байгаа аж. Үүнээс хойш хэдэн цагийн дотор “Amazon” компанийн тэргүүний гар утаснаас асар их хэмжээний файлыг татаж авсан гэж эх сурвалж үзэж байна. Хакерын халдлагын улмаас ямар мэдээлэл алдсан тухай тодорхой мэдээлэл байхгүй гэж тус сонин бичжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Безосын хөлсөлж авсан хувийн зөвлөх Гэвин дэ Бекер түүний үйлчлүүлэгчийн гар утас Саудын Арабын засгийн газрын талд ажилладаг хакеруудын халдлагад өртсөн тухай мэдэгдэж байжээ. Үүнээс хойш хэдэн сарын дараа дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийг жагсаалтыг тэргүүлдэг Жефф Безосын мессежүүд болон нууц амрагтайгаа авахуулсан гэрэл зургуудыг “American Media” компанийн эзэмшлийн “National Enquirer” цахим сонин олон нийтэд дэлгэсэн байна. Безосын эзэмшлийн “The Washington Post” сонин өөрийн тоймч, сэтгүүлч Жамал Хашоггийн аллагын талаар идэвхтэй бичиж эхэлсэнтэй холбогдуулан Эр-Рияд Безосын эсрэг ийм алхам хийсэн гэж дэ Бекер тайлбарлажээ. Эр-Риядын бодлогыг хатуу шүүмжлэгч Хашогги агсан 2017 оноос хойш АНУ-д амьдран “The Washington Post” сонины тоймчоор ажилладаг байв. Тэрээр 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Истамбул дахь Саудын Арабын консулын газрын байранд ороод гарч ирээгүй юм. Тухайн сарын 20-нд Саудын эрх баригчид сэтгүүлчийг тус байранд зөрчилдөөний улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Саудын Араб энэ хэрэгт холбоотой таван хүнд цаазын ял оноож, гурван этгээдэд 24 жилийн хорих ял оноосон.

“Amazon” компанийн тэргүүний өмгөөлөгч угсаа залгамжлах хунтайж хакерын хэрэгт холбоотой эсэх тухай асуултад Безос мөрдөн байцаагчидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн хариулт өгчээ.

Энэ мэдээлэл гарсантай холбогдуулан Саудын Араб Жефф Безосын гар утсыг хакердсан хэрэгт Эр-Риядыг буруутгасан нь “утгагүй” зүйл хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top