Саудын Араб Хашоггийн алагдсан барилгыг худалджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Саудын Арабын эрх баригчид Стамбул дахь Ерөнхий консулын газар байрлаж байсан барилгаа худалджээ. Нэг орчим жилийн өмнө энд сөрөг хүчний талыг баримтлагч сэтгүүлч Жамал Хашогги алагдсан билээ.

Стамбулын Левент дүүрэгт байрладаг барилгыг өнгөрсөн сард өөрийнх нь бодит үнээс гуравны нэгтэй тэнцэх үнээр зарсан байна. Habeturk телевизийн мэдээлснээр, Саудын Арабын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийг худалдахаасаа өмнө Туркийн гадаад хэргийн яаманд мэдэгдэх ёстой асан ч Туркийн гадаад хэргийн яамны эх сурвалжийн Лондонд төвтэй Middle East Eye хэвлэлд мэдээлснээр, Туркийн гадаад хэргийн яамд энэ талаар мэдээлэл ирээгүй байна.

Саудын Арабын Ерөнхий консулын газар Сарыер дүүрэгт шинэ байранд нүүж орохоор болсон аж.

Washington Post сонины тоймч Жамал Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Стамбул дахь Ерөнхий консулын газрын байр руу ороод, сураггүй алга болсон билээ. Хэдэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 20-ны өдөр Саудын Арабын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хашогги консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас амиа алдсан гэх тус улсын ерөнхий прокурорын газраас гаргасан мэдээллийг дамжуулсан. Стамбулын Прокурорын газар Хашоггийн аллага урьдчилан төлөвлөгдсөн байсан бөгөөд Хашоггийг хөнөөсний дараа цогцсыг нь устгасан гэж мэдэгдсэн юм. Турк улс Хашоггийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шилжүүлэн өгч, цогцос хаана буй талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа билээ. Саудын Араб энэ хэргийг шалгахад гаднын улс оронтой хамтрахаас татгалзаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг баривчилж, прокурор тавд нь цаазын ял оноохыг шаардаж байгаа юм. Саудын Араб гэмт этгээдүүдийг Туркийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top