Амиа алдсан Хашоггийн сүйт бүсгүй Саудын хунтайжийг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

 

2018 оны аравдугаар сард Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар хөнөөгдсөн сэтгүүлч Жамал Хашоггийн сүйт бүсгүй Вашингтонд төвтэй “Democracy for the Arab World Now” төрийн бус байгууллагатай хамтран Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман аль Саудын эсрэг шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчид түүнийг энэхүү аймшигт гэмт хэрэгт холбоотой гэж буруутгаж байна. “Democracy for the Arab World Now” байгууллагыг Жамал Хашогги амиа алдахаасаа өмнө үүсгэн байгуулжээ.

Саудын хунтайжаас гадна Саудын Арабын 28 иргэний нэрийг нэхэмжлэлд тусгажээ.

Энэ оны есдүгээр сарын 7-нд Саудын Араб Хашоггийн аллагын хэргээр шүүхийн эцсийн шийдвэр гаргасан. “Al Arabiya” сувгийн мэдээллээр, энэ хэргээр таван этгээдэд 20 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, нэг хүнд 10 жил, хоёр этгээдэд долоон жилийн хорих ял тус тус оногдуулж, хэргийг хаасан билээ.

Эр Риядын бодлогыг эрс шүүмжлэгч Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдарч байсан бөгөөд “The Washington Post” сонины тоймчоор ажилладаг байжээ. Тэрээр 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истамбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байр руу ороод, гарч ирээгүй. Мөн оны аравдугаар сарын 20-нд Саудын Арабын эрх баригчид Хашогги дипломат төлөөлөгчийн байранд хөнөөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн. Эр Рияд тухайн үед сэтгүүлчийг хөнөөх зорилго агуулаагүй, Саудын Араб руу гаргахыг зорьж байсан гэж мэдэгдэж байв. Жамал Хашоггийн цогцос өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top