Саудын Арабын иргэн, “The Washington Post” сонины тоймч Жамал Хашоггийн аллагад оролцсон дөрвөн этгээд хэрэг гарахаас нэг жилийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас баталсан гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт цэргийн бэлтгэл хийж байсан тухай “The New York Times” хэвлэлд мэдээлжээ.
Тус сургалт Хашоггийн аллагад буруутай тусгай анги Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман аль Саудагийн тушаалаар “тэрс” үзэлтэй саудчуудыг хулгайлах, баривчлах, эрүүдэн шүүх ажиллагаатай давхацсан байна. Сургалт нь аюулгүй буудлага, халдлагад хариу үйлдэл үзүүлэх зэрэг өөрийгөө хамгаалах чиглэлийн сургалт байжээ. Түүнчлэн, тэд мөрдөх, ойрын зайд тулалдах арга барилд сургасан байна. Арканзас мужид төвтэй “Tier 1 Group” компанийн явуулсан энэхүү сургалт Саудын Арабын удирдагчдын хамгаалалтыг сайжруулахад чиглэж байсан аж.
АНУ-ын холбогдох албаны хүмүүс сургалтад хамрагдсан этгээдүүд Саудын Араб дахь хэлмэгдүүлэлтийн ажиллагаанд оролцож буй талаар мэдэж байсныг нотлох баримт байхгүй гэж тус хэвлэл онцолжээ. Сургалт явуулах зөвшөөрлийг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед олгож байсан бол бэлтгэл нь Доналд Трампын засаг захиргааны үед үргэлжилж байсан гэнэ.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн бодлогыг эрс шүүмжилдэг сэтгүүлч Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байранд ороод, гарч ирээгүй билээ. Мөн оны аравдугаар сарын 20-нд Саудын эрх баригчид Хашогги дипломат төлөөлөгчийн байранд маргалдааны улмаас амиа алдсан гэж мэдээлсэн. Сэтгүүлч Жамал Хошоггийн цогцос өнөө хэр олдоогүй байна.
Сэтгэгдэл ( 0 )