Саудын Арабын хаан Салман бин Абделазиз аль Сауд өөрийн хүү хунтайж Мохаммед бин Салманыг өөрийнхөө оронд Саудын Арабын Ерөнхий сайдаар томилох зарлиг буулгажээ. Хаан Абделазиз мөн өөрийн хүү Халед бин Салманыг Батлан хамгаалахын сайдаар томилсон байна.
Энэхүү зарлиг нь “The Washington Post” сонины тоймч Жамал Хашоггийн аллагатай холбоотой шүүх хурал болохоос өмнө гарсан нь анхаарал татаж байна гэж “Guardian” хэвлэл онцолжээ. Учир нь АНУ-ын шүүх Жо Байдены засаг захиргаанаас хунтайж Мохаммедын эсрэг Хашоггийн сүйт бүсгүй Хатиж Женгизийн гаргасан нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн хэрэгт халдашгүй дархан эрх эдлэх эсэхийг үнэлэх хүсэлт явуулсан ба үүний хариу өгөх хугацаа аравдугаар сарын 3-нд дуусах юм. Ийм эрхийг хаад болон төр, засгийн тэргүүн нар нар эдэлдэг байна. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Саудыг энэхүү аймшигт гэмт хэрэгт холбоотой гэж буруутгаж байгаа билээ.
Эр Риядын бодлогыг хатуу шүүмжлэгч Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдарч байсан бөгөөд “The Washington Post” сонины тоймчоор ажилладаг байжээ. Тэрээр 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истамбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байр руу ороод, гарч ирээгүй. Мөн оны аравдугаар сарын 20-нд Саудын Арабын эрх баригчид Хашогги дипломат төлөөлөгчийн байранд хөнөөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн. Эр Рияд тухайн үед сэтгүүлчийг хөнөөх зорилго агуулаагүй гэж мэдэгдэж байв. Жамал Хашоггийн цогцос өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )