Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Саудын Арабт албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь түүний 2017 оны долоодугаар сараас хойш тус улсад хийж буй анхны айлчлал юм.
“Al-Ain” хэвлэл Туркийн төрийн тэргүүний айлчлалыг бүс нутагт нөлөө бүхий хоёр улсын харилцаанд тохиож буй түүхэн мөч гэж тодорхойлжээ. Сүүлийн жилүүдэд тус хоёр улсын харилцаа ихээхэн хурцдаад байсан юм. Гэвч сүүлийн саруудад Анкарагийн зүгээс Арабын орнууд, тэр дундаа Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Арабтай харилцаагаа сайжруулах чиглэлээр тодорхой алхмууд хийгээд байна.
Эрдоган өөрийнхөө айлчлалыг Анкара, Эр Риядын харилцааны шинэ үеийн эхлэл хэмээн тодорхойлжээ.
Сүүлийн жилүүдэд Саудын Араб, Туркийн харилцаа хүйтэрч, тасрахад тулаад байсан билээ. Үүнд 2018 оны аравдугаар сарын эхээр Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байранд сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэг багагүй үүрэг гүйцэтгэсэн. Эр Рияд энэхүү гэмт хэргийг улстөржүүлэх, олон улсын хэмжээний асуудал болгохыг зорьж байна Анкараг буруутгасан.
Хоёр улсын харилцааны хямрал эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, худалдааны тэнцвэрт байдлыг алдагдуулсан. Саудын Арабын Статистикийн ерөнхий газрын мэдээллээр, Саудын Арабт хийж буй экспортын хэмжээгээр Турк улс 11-ээр байрнаас 58 хүртэл буужээ.
Өнгөрсөн сард Эрдоган Турк улс нь Эр Риядтай идэвхтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсыг харилцааг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийхэд бэлэн гэж мэдэгдсэн юм. Улмаар энэ сарын 7-нд Туркийн Хууль зүйн яам сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагааг зогсоож, хэргийг Саудын Арабын талд албан ёсоор шилжүүлэх болсон тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )