Саудын Араб насанд хүрээгүй хүүхдэд цаазын ял оноохыг зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27


Саудын Арабын эрх баригчид гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхдэд цаазын ял ногдуулахыг зогсоох шийдвэр гаргажээ.

Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз аль Сауд, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бен Сельман аль Саудын гаргасан энэхүү зарлиг орчин үеийн эрүүгийн хуультай болоход чухал алхам боллоо гэж тус улсын Хүний эрхийн комиссын тэргүүн Аввад аль-Аввад онцолжээ. Насанд хүрээгүй хүүхдэд оноож буй цаазын ялыг 10 хүртэлх жилээр хорих ялаар солих аж. Энэ сарын 24-нд Саудын Арабын эрх баригчид мөн хууль бус үйлдлийн төлөө ороолгох шийтгэлийг тус улсад хэрэглэх шийтгэлийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус улсад ороолгох, жанчих шийтгэлийг торгууль, хорих ялаар солихоор болжээ.

2017 оны сүүлээр Саудын Араб угсаа залгамжлах хунтайжийн санаачилгаар өргөн хүрээний шинэчлэл, өөрчлөлт эхлүүлж буйгаа зарласан билээ. “Алсын хараа-2030” хөтөлбөрт либералчлалыг хэрэгжүүлэх, ислам шашны аядуу урсгалыг дэмжих, хаант улсын албатын эрх, эрх чөлөөг дэмжих, эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлал, зугаа цэнгэлийн салбарыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top