Техас дахь цэргийн баазад хамт алба хааж байсан 13 цэргийн амийг хөнөөсөн Нидал Малик Хасан гэгчийн цаазын ялыг шууд дамжуулна гэж Пентагоны тэргүүн Пит Хегсет мэдэгджээ.
2009 онд тэрбээр Техас дахь Форт-Худ цэргийн баазад халдлага үйлдэж, хамт алба хааж байсан цэргүүд рүү гал нээж, 13 цэргийн амийг хөнөөжээ. Тэд хэдхэн долоо хоногийн дараа Афганистанд үүрэг гүйцэтгэхээр явах ёстой байсан бөгөөд эмчийн үзлэг, вакцинд хамрагдахаар эрүүл мэндийн төвд байсан байна.
2013 онд болсон цэргийн шүүхийн өмнө тэр Афганистаны мусульман, талибуудыг хамгаалахыг хүссэн гэж мэдүүлж байжээ.
Хасаны цаазын ялыг гүйцэтгэхдээ буудан хороох аж. Хамгийн сүүлд цэргийн шүүхийн шийдвэрээр 1945 оны нэгдүгээр сарын 31-нд цаазын ял гүйцэтгэж байжээ. Тухайн үед Америк цэргийг оргосон хэргээр цаазалж байжээ.
Цаазын ялыг олон нийтэд үзүүлж, ийм гэмт үйлдэл нь ноцтой үр дагавартай болохыг ойлгуулна гэж Пит Хегсет мэдэгдсэн байна.
АНУ-ын зарим мужуудад цаазын ял гүйцэтгэж буйг олон нийтэд нээлттэй харуулах тодорхой журам байдаг байна. Ихэнх мужид сэтгүүлчдийг заавал оруулдаг бол цаазлуулж буй хүн хүмүүсийг урих эрхтэй байдаг аж.
АНУ-д цаазын ялыг гүйцэтгэх арга хэлбэрийг судалдаг, Фордхэмийн их сургуулийн профессор Дебора Денногийн ярьснаар, урьд өмнө цаазын ялыг гүйцэтгэж буй үйл явцыг шууд дамжуулж байсан удаа байгаагүй. Шууд дамжуулалтын үер насны хязгаарлалт болон онлайн платформын бодлогод нийцэж буйг эсэхийг сайтар хангах учиртай гэж Денно онцолсон байна.
Харин шууд дамжуулалтыг аль сувгаар үзэх боломжтой нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )