Сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн олон улсын өдөр жил бүрийг есдүгээр сарын 8-нд тохиодог. Энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийг 1958 онд Олон улсын сэтгүүлчдийн холбооны их хурлаар гаргажээ.
1943 оны есдүгээр сарын 8-ны өдөр Берлин хотод хуучнаар Чехословакийн сэтгүүлч Юлиус Фучик фашистуудад цаазлуулсан өдрийг сонгожээ. Шоронд байхдаа тэрээр “Хүзүүндээ олстой сурвалжилга” ном бичсэн байна. Энэ бүтээлийнх нь төлөө түүнд Олон улсын энх тайвны шагналыг 1950 онд нөхөн олгож байсан бөгөөд ном нь дэлхийн 70 хэлээр гарч байжээ.
Сэтгүүлч нь хамгийн аюултай мэргэжлийн нэг хэвээр байна. “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” олон улсын төрийн бус байгууллагын мэдээллээр, 2020 онд л гэхэд 32 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдаж, 65 сэтгүүлч ор сураггүй алга болж, 251 сэтгүүлч хоригджээ.
Сэтгэгдэл ( 0 )