Fetisov Journalism Awards I Сэтгүүлчид дэлхийг аварна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Дэлхий дахинд юу болж байгаа, дэлхий хэмээх гараг хэрхэн амьдарч байгааг мэдэх цорын ганц зөв арга бол сэтгүүлчдийг сонсох явдал юм.

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Fetisov Journalism Awards /FJA/ ялагчдаа тодруулжээ.

Шүүгчид 81 орноос ирүүлсэн 400 орчим бүтээлээс шилдгүүдийг шалгаруулсан байна. Ингэхдээ “Шилдэг эрэн сурвалжлага”, “Хүний эрхийн тухай шилдэг сурвалжлага”, “Энх тайвныг хамгаалах тухай шилдэг сурвалжлага”, “Байгаль орчныг хамгаалах тухай шилдэг сурвалжлага” гэсэн номинацид тус бүр гурван бүтээлийг онцлон үнэлсэн байна. 

Ази, Африк, Европ, Латин Америк, АНУ, Канад, Австралиас сойсон материалууд агуулга, форматаар ялгаатай ч нэг зүйл дээр нэгджээ.

Бүх бүтээл дэлхий дахиныг ямар нэгэн өнгө, будаггүй, байгаагаар нь харуулахыг зорьсон байв. Авлига, мөргөлдөөн, орчин цагийн боолчлол, хүчирхийлэл, эх дэлхийгээ зэрлэгээр хөнөөж буй сэдвийг сэтгүүлчид гайхалтай чадамгайгаар гаргаж тавьжээ.

“Сэтгүүлчид дэлхийг аварна” гэх уриа олон хүнд гэнэн мэт сонсогдох ч өнөөгийн даяаршил, цахим эрин үед сэтгүүлчдэд л бүх найдварыг тавьж байна. Мэдээж хэрэг сурвалжлагч бүр өөр өөр. Гэвч сэтгүүл зүй Нигерид ч тэр, Австри ч тэр ижил хүчтэй.

Сэтгүүлчид хамгийн хурц асуудлуудыг гарган тавьж, дэлхий дахины тухай бидний ойлголтыг бүрдүүлж байна гэж Ёс зүйт сэтгүүл зүйн олон улсын сүлжээг үндэслэгч Айдан Уайт онцолжээ.

Тэд бидний нүднээс далд буй зөрчил, мөргөлдөөнийг ил болгож, тухайн үзэгдлийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлздэг. Хамгийн гол нь ихэнх бүтээлийн анхаарлын төвд хүн, хүний хэрэгцээ, зовлон шаналал, муу бүхэн, шударга бус байдлыг эсэргүүцэх тэмцэл байдаг. Заримдаа энэ тэмцэлд хүн ялж байгаа нь бидэнд найдвар төрүүлдэг.

Сэтгүүлчид Африкийн нуур ширгэж, Амазонкийн ан амьтан устаж үгүй болж байгаа, сонгогчдын эрх зөрчигдөж байгаа, авлигад автсан албан тушаалтнуудын увайгүй үйлдэл, олон улсын гэмт хэрэг, ахуйн балмад хэрэг зэрэг хурц асуудлуудыг хөндсөн байна.

Гэхдээ тухайн үзэгдлийн цар хүрээ, үр дагавар гэхээсээ илүү сэтгүүлчид үйл явдлын шуурганд орсон хүмүүсийн хувь заяанд ач холбогдол өгчээ. Хүний амьдрал, түүний өөрийгөө, дэлхийг харах өнцөг, хувийн болон бүх нийтийн хөгжил, хувийн болон хамтын боломжийн талаарх төсөөлөл зэрэг чухал сэдвүүдийг дахин эргэцүүлэн бодохыг шаарддаг. Харин сэтгүүл зүй нь болж буй үйл явдлыг соргог хүлээн авч, олон нийтийн хүлээлтэд хариу өгч, эдийн засаг, геополитик болон бусад шийдвэрийг тунгаахыг санал болгосоор.

Үүнд дэлхийн бүх улс орон, сэтгүүл зүйн сургууль болон соёл, өрнө ба дорно, умард ба өмнөдийн сэтгүүлчид туйлын эв санааны нэгдэлтэй буй нь харагдаж байна.

Fetisov Journalism Awards /FJA/ шагнал хүртэгсдийн тоонд дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Бразил, Босни ба Херцеговина улсын багавтар хэвлэлийн сэтгүүлчид ч багтжээ. Тэд бүгд юун түрүүнд хүний тухай, хүний зовлон шаналал, баатарлаг үйлс, итгэл найдвар болон сэтгэл зовнилын тухай бичсэн байв. 

Түүх 1 I Одон орон судлаач ба түүний од эрхэс

Шилдэг бүтээлүүдийн нэгээр Австрийн сэтгүүлч Эвелин Шалкийн Афганистаны анхны бөгөөд цорын ганц одон орон судлаач эмэгтэй Амена Каримяны тухай нийтлэл шалгарчээ. 2021 онд тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр тодорч байв. Афганистаны төрийн эрхэнд гарсан талибууд эмэгтэйчүүдэд шинжлэх ухаан, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүнээс болж Аменагийн амь насанд ноцтой заналхийлэл ирэх болжээ. Аменагийн хувь заяаны талаар олж мэдсэн Австрийн эрдэмтэн, сэтгүүлчид олон сарын турш түүний амийг аврахын тулд Афганистанаас гаргахыг оролдож, шаардлага хүргүүлж, гарын үсэг цуглуулжээ. Гэтэл энэ үйл явц тийм ч амар байсангүй. Европын хүнд суртал нөхцөл байдлыг ойлгохыг хүссэнгүй. Австрийн Элчин сайдын яам виз олгосонгүй. Пакистан руу хоёр удаа зугтан гарсан ч түүнийг хоёр удаа албадан гаргаж, зодож, эрүүдэн шүүж байв. Эцсийн эцэст тэрбээр Европт иржээ. Түүний статус эх оронд нь үхэл хүлээж буй бусад афганчуудын адил тодорхойгүй байв. Европын холбооны хил тэдний өмнө хаалттай хэвээр.
 

  • “Энэ бол олон мянган км-ээр алслагдсан хүмүүсийн хооронд үүссэн харилцаа холбоо, итгэлцэл, нөхөрлөлийн түүх юм. Энэ бол Амена болон амь нас, нэр төрийнхөө төлөө өдөр бүр тэмцэж буй бүх эрэлхэг эмэгтэйчүүдийн шагнал юм. Од эрхэс рүү хамтдаа тэмүүлье. Ингэснээр бид улам тод гэрэлтэх болно” хэмээн Эвелин Шалк онцолжээ.
     

Түүх 2 I Нууц төсөл

Шилдгээр шалгарсан бас нэг нийтлэл бол АНУ-ын сэтгүүлч Луис Паршлигийн АНУ дахь цөмийн хаягдлын хамгийн том агуулахын тухай сурвалжлага. Хэнфордын цөмийн цогцолбор Вашингтон мужид байрладаг ба Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нууц төсөл. Зэвсэглэлээр хөөцөлдөх үед цөмийн төсөл нь хүйтэн дайны нэг хэсэн байсан бөгөөд хэн ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах эрсдэлд ач холбогдол өгдөггүй байжээ. Нууц туршилтуудын үр дагаврыг уугуул иргэд болох индианчууд л амссан. Цогцолборт ажиллаж байсан ажилтнуудын 50 хувь халдвар авсан ч эрүүл мэндийн тусламж авч чаддаггүй бол 100 мянга гаруй ажилтан цацрагт хорджээ. Хэргийн шалтгаан хэмнэлт. Цогцолборын эзэмшигчид эмчилгээ, хамгаалалтын хэрэгсэлд мөнгө төлөхөөс зайлсхийнэ.
 

  • Ихэнх томоохон хэвлэлүүдэд энэ асуудлыг гаргаж тавих зориг хүрээгүй байна. Харин “Virginia Quarterly Review” нэртэй жижигхэн хэвлэл зориг гаргаж, нийтлэлийг хэвлэжээ. Үүний дараа шалгалтууд эхэлж, ажилтнууд нөхөн олговор авч чаджээ.

Түүх 3 I Дуусаагүй дайн

Зарим мөргөлдөөн хэдийн төгссөн ч үр дагавар нь хүмүүсийн амьдралд саад болсон хэвээр. Босни ба Херцеговина үүний тод жишээ. Сэтгүүлч Назира Ахметасевич олон жилийн турш амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө тухай мэдээллийг хэсэг хэсгээр нь цуглуулж, ингэхдээ бусдадаа тусалж, тус улс дахь дайсагналтай тэмцэж буй эмэгтэйчүүдийн талаар өгүүлжээ.

Энэ талаар Назира ярихдаа “Сребреница хотын эмэгтэйчүүд нөхөр, хүү, ахыгаа зэвсэгт мөргөлдөөнд алдсан. Тэд хайртай эрчүүдээ эрэн хайж, зовлон нэгт бусдадаа тусалдаг. Эмэгтэйчүүдийг зэвсэгт мөргөлдөөний хохирогч гэж үздэг. Харин би тэднийг ямар их эрэлхэг, зоригтой болохыг харуулахыг хичээсэн. Тэд бууж өгөөгүй. Тэд болсон явдлыг байнга сануулж, шударга ёсыг шаардаж, гэмт хэрэгтнүүдийг яллахыг нэхдэг. Би тэдний дайныг эсэргүүцсэн үгийг сонсгохыг хүссэн. Гэтэл дайн болсоор, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг хэзээ нэгэн цагт сонсоно гэж найдаж байна. Хэрэв хэн нэгэн шинэ мөргөлдөөнийг зогсоож чадахгүй бол эмэгтэйчүүд сүүлчийн найдвар юм” гэжээ.

Түүх 4 I Уугуул иргэдийн хяналтын камер

Нэр хүндтэй шагнал хүртсэн бас нэг бүтээл нь жирийн бус эрэн сурвалжлага байв. Энэ нь Бразилын сэтгүүлчдийн хамтарсан бүтээл. Амазонкийн байгалийн баялгийг зэрлэгээр эзэмшиж буй явдалд сэтгэл нь зовнисон сэтгүүлчид ой мод, хөндийг устгаж байгаа нь уугуул иргэдийн эрхийг зөрчиж байна гэсэн асуудлыг гаргаж тавьжээ. Сэтгүүлчид нутгаа алдсан Мурдуруку омгийн эмэгтэйчүүдийг эрэн сурвалжлагадаа татан оролцуулсан байв. Учир нь тэд олон мянган кв. км талбайг эзэлсэн нутагтаа хамгийн их санаа тавьдаг. Хамгийн идэвхтэй эмэгтэйчүүдэд камер тараан өгч, удаан хугацааны туршид тэд нутгийнх нь ашигт малтмалын орд газрууд юу болж байгаа тухай бичлэг хийсэн байна. Энэ бол тэдний хөндсөн сэдэв.

Нийтлэлүүд гарсны дараа эрх баригчдын хариу арга хэмжээ цуварч эхэлжээ. Египетийн эрх баригчид ширгэж буй нуур, цөөрмийг хамгаалах арга хэмжээ авсан бол Мексик, АНУ-д прокурорын шалгалтууд эхэлж, эрүүгийн хэрэг нээжээ. Европын Холбоо Грек, Хорватын хил дээрх дүрвэгсдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Шагнал хүртсэн Германы сэтгүүлчид “Hugo Boss” зэрэг дэлхийн алдартай брэндүүд өөрсдийнх нь нийлүүлэлтийн сүлжээн дэх боолын хөдөлмөрт анхаарлаа хандуулна хэмээн хүлээж байна. Эвелин түүний гол дүр болон Аменагийн хувь заяа шийдэгдэнэ хэмээн найдаж байна.

Эдгээр бүтээлээс харахад, дэлхийн хэвлэлийн чиг хандлага, сэтгүүлчдийн хэзээд нийгэмдээ гүйцэтгэж ирсэн үүргийг харахад ч тэр Сэтгүүл зүй дэлхийг аврахгүй юм гэхэд илүү төгөлдөр болгох нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.70.79) 2023 оны 05 сарын 03

ter reket atman bimbara bungaa bulganaa dahil heljina centerpointos humuus alj ustgaj oshogon abna genee

0  |  0
zochin(192.82.70.79) 2023 оны 05 сарын 03

centerpoint zodoni daraa reket nimahaltar doloonojargal nogoo enhtaibani hamgalchas 1 hun alj ustgaj oshogon ablaaa.

0  |  0
zochin(192.82.70.79) 2023 оны 05 сарын 03

centerpoint herege shorongos garij ireed tsagda tusgai tsagda batzorig batsuh bathuu alsaan gejna.

0  |  0
zochin(192.82.70.79) 2023 оны 05 сарын 03

shorongi bos doloonbimab doloonojaba chin hariulta chin teged centerpoint herget oshogon abj tsagda alsan yumu tee. medeleuge abala

0  |  0
Top