АНУ-ын “The New York Times” сонин Владимир Путины дэглэмийн тухай нийтлэлийнхээ төлөө Пулитцерийн шагнал хүртжээ.
Коронавирусний цар тахалтай холбогдуулан шагналын эздийг тодруулах ёслол уламжлал ёсоор Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн танхимд бус цахим хэлбэрээр болсон байна.
Пулитцерийн шагналын зохион байгуулах хорооны цахим хуудсанд мэдээлснээр, “Олон улсын сэтгүүл зүй” номинацад “The New York Times” сонины сэтгүүлчид Оросын эрх баригчдын хууль бус үйлдлүүдийн тухай амь насаа эрсдэлд оруулан бичсэн цуврал нийтлэлээрээ түрүүлжээ.
“The New York Times” сонин мөн Нью Йоркийн таксины тухай материалаар “Эрэн сурвалжлага” номинацад түрүүлэв. Тус сонины сэтгүүлчдийн илрүүлсэн хотын зорчигч тээврийн бизнес дэх авлига эрх баригчдын анхаарлыг татаж, энэ салбарт шинэчлэл хийхэд хүргэсэн гэж онцолсон байна.
“Washington Post” сонин хэт халалтын аюултай үр дагаврыг шинжлэх ухааны үндсэн дээр маш тодорхой тайлбарласан цуврал нийтлэлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн бол “Anchorage Daily News” сонин Аляск дахь амьдрал болон эзгүйрсэн хот, тосгодын талаарх материалаар “Нийгэмд үйлчлэхүй” номинацад тэргүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )