-Харин “Алмас барьжээ” гэдэг илт худал мэдээлэл тараасан нь нэр төр, алдар хүндийг гутаах зорилго агуулаагүй учир хариуцлага хүлээхгүй-
Хүний нэр төр, алдар хүндэд халдахтай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиас хүчингүй болгож, Эрүүгийн хуульд буцааж оруулсан. Эрүүгийн хуульд буцааж оруулсныг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглах, өөрөөр хэлбэл нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмхий бүлэгт багтдаг албан тушаалтнууд, хуулийн этгээдийн аливаа бугшмал, буруутай, хууль бус, зохисгүй үйлдлүүдийг ил гарган, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд үйлчилдэг онцгой үүрэгтэй сэтгүүлчдэд халтай заалт болсон гэж үзэх нийгмийн нэг хэсэг байгаа юм. Энэ сэдвээр хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан хууль зүйн ухааны доктор, дэд профессор, судлаач Б.Батзоригтой ярилцлаа. УИХ-аар 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хууль хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхлээд байгаа билээ.
-Зөрчлийн хуульд байсан гүтгэх үйлдлийг арай өөрөөр томъёолоод Эрүүгийн хуульд оруулсан. Үүнийг сэтгүүлчдийг айлгах, дуугүй байлгах, хүндрүүлэн ял шийтгэх зохицуулалттай заалт боллоо гэж ойлгох хүмүүс байна, ялангуяа сэтгүүлчид. Энэ заалтыг яаж ойлгох вэ, үнэхээр сэтгүүлчдэд халтай заалт болсон уу. Та нийгмийн сөрөг үзэгдэл судлаачийн үүднээс хариулна уу?
-Криминологичийн байр сууринаас асууж байгаа учир аль болох дэлгэрэнгүй хариулахыг хичээе. Эрүү, Зөрчлийн хууль нь шийтгэж, хариуцлага тооцох гэхээс илүүгээр ийм үйлдэл, эс үйлдэхүй хийвэл шийтгүүлж, хариуцлага хүлээх юм байна гэж хууль бус үйлдэл хийхээс татгалзуулахад чиглэсэн зорилготой. Харин шийтгэл нь сул, хууль зөрчсөн этгээдийг олж тогтоон, шударгаар хариуцлага оногдуулахгүй бол энэхүү урьдчилан сэргийлэх ач холбогдлоо алддаг.
Хуулийн энэ заалтаас хэн айж байна вэ, үнэхээр сэтгүүлчдэд халтай заалт болсон уу гэхээс илүү яг ямар хууль батлагдсан юм. Өмнө нь ямар зохицуулалттай байсан бэ гэдгийг тодруулж хэлье. 2017 онд одоогийн Эрүү, Зөрчлийн хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх Эрүүгийн хуулиар хүнийг гүтгэхээс гадна хэлбэр дүрс, элдэв онцлогоор нь доромжилбол жил зургаан сар засан хүмүүжүүлэх ял шийтгэдэг байсан. 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох гэмт хэргийг хүчингүй болгож Зөрчлийн хуульд гүтгэх гэж оруулан хуульчилсан. Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт оруулсан. Иргэд хоорондын жишээн дээр тайлбарлая. Үзэн яддаг юм уу, эсвэл уур хорслоо гаргах хувийн сонирхолдоо хөтлөгдсөн хүн хэн нэгний нэр хүндийг гутаах зорилгоор үндэслэл бүхий мэдээллийг гуйвуулаад бүх цахим сайт, фэйсбүүк, твиттер хаягаар тараасан гэж бодъё. Энэ тохиолдолд гүтгэх гэсэн зөрчлөөр шийтгэл оногдуулах боломжгүй. Учир нь гутаан доромжилж, олон нийтэд тарааж байгаа мэдээлэл нь худал мэдээлэл биш, ортой мэдээлэл. Тиймээс гүтгэх зөрчлөөр шийтгүүлсэн хүмүүс шүүхэд хандсан тохиолдолд ихэнх шийтгэл нь хүчингүй болж байсан. Гэхдээ нэг, хоёр сая төгрөгийн торгуулиас айхгүйгээр мөнгө төлөөд захиалгатайгаар бусдыг гүтгэн доромжлох үйлдэл гарах хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл бусдыг гутаан доромжилсон үйлдэлд хариуцлага хүлээлгэдэг хууль нь хууль зөрчсөн үйлдлийг бүрэн тогтоох боломжгүй, торгууль тухайн зөрчил гаргасан этгээдэд хөнгөдсөн.
Одоо, Эрүүгийн хуульд шинээр орсон 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн гэмт хэрэгт энгийн дүн шинжилгээ хийе. Энэ заалт хүчингүй болсон гүтгэх зөрчлөөс ялгагдах нь гутаан доромжилсон гэсэн сэдэлт, зорилго хамаарахгүй болсон. Гол өөрчлөлт нь “Илт худал мэдээлэл” тараасан. Өмнө нь Зөрчлийн хуульд “Худал мэдээлэл” тараасан гэж байсан талаар өмнө ярьсан. Худал мэдээлэл, илт худал мэдээлэл гэдэг ялгаатай. Худал мэдээлэл гэдэг ерөнхийдөө бас нэг үнэний ортой байх, харин илт худал мэдээлэл гэдэг 100 хувь ор үндэсгүй зүйл. Гэхдээ энэ нь миний ярьснаар тайлбарлагддаг зүйл биш. Судлаачийн хувьд хэлэхэд илт худал мэдээлэл гэдэг ор үндэсгүй буюу огт болоогүй зүйлийг хэлнэ. Тэгэхээр, миний ойлгож байгаагаар ор үндэсгүй зүйл бичиж, тараагаагүй л бол сэтгүүлчид хариуцлагад тооцож, шийтгэх боломжгүй. Мөн ор үндэслэлгүй мэдээлэл бичиж тараасан байлаа ч бас хариуцлага хүлээхгүй байж болно. Яагаад гэвэл тэрхүү мэдээлэл нь заавал хүний нэр төрийг гутаасан байх ёстой учраас. “Алмас барьжээ” гэсэн илт худал мэдээлэл тараалаа гэхэд хариуцлага хүлээхгүй. Зөвхөн бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой ор үндэслэлгүй мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээнэ.
-Зөрчлийн хуульд байж болоод байсан гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж, хүндрүүлсэн ял шийтгэлтэй болголоо гэж сэтгүүлчид эмзэглэж байна. Эрүүгийн хуульд оруулах ямар үндэслэл, шаардлага байв?
-Хувь судлаачийн хувьд хэлэхэд “Бусдыг гүтгэхтэй холбоотой” асуудал Зөрчлийн хуульд орсноор өмнө байснаасаа нэмэгдсэн. Өмнө нь хорих ял оногдуулах хүртэл хатуу шийтгэлтэй гэмт хэрэг байснаа торгууль оноодог жижиг зөрчил болсон нь энэ төрлийн хэрэг нэмэгдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Бүгд мэдэж байгаа. Торгуулсан хүмүүсийн тоо нэмэгдэж, дээрээс нь ханш тогтож эхэлсэн. Илт худал мэдээлэл захиалгаар нийтэлдэг ханш тогтож эхлэх хандлагатай болсон. Захиалагч гурван сая, таван сая төгрөг төлдөг, түүнд нь торгуулийн мөнгө багтдаг байх жишээтэй. Энэ нь хэвлэл мэдээллийнхний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хандлага ч ажиглагдсан. Нөгөө талаараа бол, Зөрчлийн хууль гүтгэх гэдэг үзэгдэлтэй тэмцэхэд хүчин мөхөстөж эхэлсэн гэсэн үг. Тиймээс онолын хувьд илүү арга болох Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагатай болно. Гүтгэх гэдгийн цаана хүний нэр төр алдар хүнд гэдэг юугаар ч хэмжишгүй үнэ цэнэтэй зүйл байдаг. Энэ үнэт зүйлийг Эрүү, Зөрчлийн хууль хамгаалж байдаг. Арай аядуу арга буюу Зөрчлийн хуулиар хамгаалж чадахаа болихоор Эрүүгийн хууль гэдэг арай хүчтэй аргаар хамгаалах хэрэгтэй болно. Ийм л учраас Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан гэж ойлгосон. Зүй тогтол нь ч тийм. Өмнө нь буюу 2002 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн хэргийг хамгаалдаг байхад сэтгүүлчид барагтай шийтгүүлдэггүй байсан. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг үүсгэх вий гэж урьдчилан сэргийлдэг тэр хамгаалалт нь хүчтэй байсан. Эрүүгийн хууль руу оруулсан нь Гүтгэх зөрчлийн шинжийг шалгаж тогтооход ур чадвар бүхий мөрдөгчийн үйл ажиллагаа учир дутагдалтай байсантай мөн холбоотой. Учир нь ийм төрлийн хууль зөрчсөн хууль бус үйлдэл харьцангуй бага шалгагдаж байсан, туршлага бага. Гэтэл энэ зөрчлийг гудамж талбайд үйлдэгддэг зөрчил шалгадаг хороо, хэсгийн байцаагч шалгах болсон. Тэдний ачаалал бөгөөд ур чадвар нь ийм төрлийн хууль бус үйлдлийг шалгаж тогтооход учир дутагдалтай. Түүнчлэн, цаг нартай уралдан ажилладаг сэтгүүлчид байн байн цагдаад дуудагдах, эсвэл цагдаа нар ажлын газар нь очоод дагаад яв, ийм баримтуудаа гаргаж өг гэх зэрэг өмнө нь төдийлөн үзээгүй нөхцөл байдалтай тулгарсан. Сэтгүүлчээр жишээ авч ярьж байгаа л болохоос энэ зөрчил зөвхөн сэтгүүлчдэд зориулсан заалт байгаагүй. Бусдыг гүтгэсэн бүх хүнд л хариуцлага хүлээлгэдэг заалт байсан.
-Гүтгэх хэрэг Зөрчлийн тухай хуульд орсноор ийм нөхцөл үүссэн гэж үү?
-Дээр дурдсан бүхэн шууд Зөрчлийн хуулиасаа болсон гэж дүгнэхэд өрөөсгөл. Учир нь сэтгүүлч эх сурвалжаасаа авсан мэдээллээ хуулийн дагуу нягтлан шалгах арга хэрэгсэл, эрэн сурвалжлах сэтгүүлчийн үйл ажиллагаа явуулах арга, техник, түүнийгээ хуулийн дагуу хэрхэн хамгаалуулах, хуулийн байгууллагад өгсөн мэдээллийн эх сурвалжаа гэрч хамгаалуулах хөтөлбөрт хамруулах, сэтгүүлч хуулийн дагуу гаргасан нийтлэлийнхээ төлөө хамгаалагдах эрх зүйн зохицуулалт одоо хүртэл байхгүй байгаатай холбоотой. Зөрчлийн хуулийн хэрэгжилтэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр судалгаа хийхэд салбарын эрх зүйн зохицуулалт сул орчинд маш хүчтэй ажиллаад байгаа нь ажиглагдсан. Тиймээс хэвлэлийнхэндээ хандаж хэлэхэд амьгүй Эрүүгийн хуульд эмзэглээд хэрэггүй. Зөрчлийн болоод Эрүүгийн хууль нь урьдчилан сэргийлэх үүрэгтэй, илт худал мэдээлэл тараавал ийм хариуцлагатай шүү гэж анхааруулдаг, их эвгүй хэлбэл сүрдүүлдэг хууль. Жишээ нь, та илт худал мэдээллийг хэн нэгний нэр төрд халдах зорилгоор бүү түгээ. Арай хатуу хэлбэл, та хүний амь насанд хүрвэл насаараа хоригдоно шүү гэх заалт. Та хүний амь бүү хөнөө, хэн нэгний нэр төрийг гутаах зорилгоор илт худал мэдээлэл битгий түгээ. Тэгвэл Эрүү, Зөрчлийн хууль амьгүй шүү дээ. Харин хуулийг амилуулдаг тогтолцоо руу нь асуудлаа хандуулаач. Яагаад сэтгүүлч хүн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ажлаа хийж байхад, мэдээлэл хайхад учирдаг хүндрэл бэрхшээлийг даван туулах аргыг хуульчлахгүй байгаа юм бэ. Яагаад сэтгүүлчдийн нууц эх сурвалжаа хамгаалдаг механизмыг бий болгох эрх зүйн орчинтой болох чиглэлээр анхаарахгүй байгаа юм бэ. Эх сурвалжтай мэдээлэл гаргаж буй тохиолдолд сэтгүүлчээ хамгаалдаг механизм руугаа яагаад орохгүй байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа боловсронгуй болгох талаар би ярьж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд энэ зохицуулалтууд байхгүй учраас гал нь сэтгүүлч дээр буудаг. Төрд, хуулийн байгууллагад итгэх итгэлээ алдсан хэн нэг иргэн сэтгүүлчид хандаад ямарнэг бусармаг хэргийн бүх баримт мэдээллийг хэлдэг. Гэтэл түүнийг мэргэжлийн үүднээс дэлгэсэн сэтгүүлч эх сурвалжаа хамгаалаад өөрөө шийтгүүлдэг. Энэ бол сэтгүүлчийн хэнтэй ч хуваалцахгүй үнэт зүйл. Эх сурвалжийг нь хамгаалдаг хуультай байсан бол сэтгүүлч шийтгүүлэхгүй. Сэтгүүлчийг хамгаалдаг хууль байхгүй учраас Эрүү, Зөрчлийн хууль хүчтэй ажиллаж байна. Энэ хуулийн онцлог тийм. Эрүү, Зөрчлийн хуулийн заалт зөвхөн сэтгүүлчдэд бус ард түмэнд үйлчилдэг. Гагцхүү сэтгүүлч хүн ард түмний мэдэх эрхийн төлөө ажилладаг гэдгийг илэрхийлдэг хамгаалалтын хууль байхгүй учир сэтгүүлч жирийн хүн шиг шийтгүүлж байна. Угтаа сэтгүүлч жирийн иргэдээс ялгаатай байх ёстой. Ялгаатай байх эрх зүйн зохицуулалт нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд алга.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өөрөө боловсронгуй бишээс болоод сэтгүүлч жирийн иргэнээс ялгаатай гэдэг нь харагдаж өгөхгүй байна. Сэтгүүлч, олон түмний нүд чих болдог гэдгийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас хайгаад үз, харагдаггүй. Сэтгүүлчээ яаж хамгаалах, сэтгүүлч эх сурвалжаа яаж хамгаалах, мэдээлэл олж авахын тулд яаж ажиллах юм бэ гэдэг тэр зүйл маань өөрөө сэтгүүлчийг жирийн иргэнээс ялгаж өгөх учиртай. Ялгаатай болоод ирэхээр бас нэг зүйл зайлшгүй яригдах ёстой. Тэр бол хариуцлага. Иргэн хүн олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацах, сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх хоёр ялгаатай. Тиймээс хариуцлага нь өөр болох ёстой гэсэн үг. Гэхдээ энэ бол одоохондоо ярих сэдэв биш. Одоо санаатайгаар, зохион байгуулалттайгаар бэлтгэж байгаад худал мэдээлэл цацдаг хүмүүстэй ард түмний мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийг адилхан аваачиж тавин хариуцлага яриад байгаа болохоор сэтгүүлчид эмзэглэж байгаа асуудлын тухай ярьж байна.
-Тийм шүү, нийгмийнхээ сайн сайхны төлөө ажлаа хийсэн сэтгүүлчийг цагдаа байн байн дуудаж залхаан, хэрэг шалгаж байгаа нэрийн дор хилийн хориг тавьж, барина хорино гэсэн асуудал үүсдэг учир сэтгүүлчдийг жирийн иргэдээс ялгаатай байдлаар хуульчлах ёстой гэж бодож байна?
-Энэ зохицуулалтыг Зөрчлийн хуулиас гаргаж, Эрүүгийн хуульд оруулан гэмт хэрэгт тооцсон нь нэг талаасаа шалгуулж байгаа хүнд давуу талтай болсон гэж ойлгож болно. Тухайлбал нэгэнт сэтгүүлчидтэй холбоотой сэдвээр ярьж байгаа болохоор сэтгүүлчээр жишээ авъя. Одоо сэтгүүлч хэрэг шалгаж байгаа мөрдөгчид “Миний бичсэн зүйлийг илт худал гэдгийг нотол” гэдэг шаардлага тавьж, мөрдөгч нотлох үүрэгтэй. Эрүүгийн хуульд орсноор илүү их нотлох боломжтой болсон гэсэн үг. Мөн сэтгүүлч эх сурвалжаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар хамгаалуулах боломжтой. Бас хууль бусаар хариуцлага хүлээлгэсэн бол төрөөс нөхөн төлбөр авах боломж бүрэн бий. Дээрээс нь олон удаа дуудаж байна гэдэг өөрөө хууль бус. Нэгэнт “Миний буруутайг нотол, надад нэмж хэлэх зүйл байхгүй" гэж мэдүүлсэн сэтгүүлчээс дахиж энэ үгийг нь сонсох гээгүй л бол дахин дахин дуудах шаардлагагүй. Сэтгүүлчийг буруутгаад дуудаж байхад сэтгүүлч нэг л юм хэлдэг, “Би илт худал мэдээлэл тараагаагүй” гэж.
-Хангалттай нотолгоо байхгүй хэрнээ, нотолж чадахгүй мөртлөө шалгаж байгаа нэрээр байн байн дуудаж сэтгүүлчийг залхаагаад л, шалгасан нэрээр шүүхэд шилжүүлээд шийдвэрлэчихдэг шүү дээ?
-Эрүүгийн процессын хуулийн гол онцлог нь эргэлзээ төрвөл яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг зарчим байдаг.
-Бодит байдал дээр энэ зарчим хэрэгждэггүй. Худлаа шүү дээ?
-Тиймээс л худлаа шүү дээ гэдэг энэ ойлголтыг бий болгодог тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж би хэлээд байгаа юм. Энэ тогтолцоо нь Эрүүгийн хууль биш. Өөрөөр тайлбарлах юм бол хэрэг шалгадаг тогтолцоог өөрчилснөөр байн байн дуудаж, залхаадаг энэ тогтолцоог байхгүй болгоно. Олон дахин үндэслэлгүйгээр дуудаж, хэрэг шалгаж байгаа нэрийн дор хүмүүсийг залхаадаг системийг үүсгээд буй тэр тогтолцоог өөрчилж, аль болох мэдүүлэгт тулгуурлахгүйгээр шалгах арга барилд суралцах хэрэгтэй болж байна. Энэ тогтолцоог бий болгоогүй тохиолдолд мөрдөгч хүнээ дуудаж, үүдэндээ суулгаж байцаахаас өөр аргагүй. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр, өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн эмзэглээд байгаа заалт хүчин төгөлдөр болсноор сэтгүүлчдийн яриад байдаг энэ мэт хүндрэл учрахыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас энэ зохицуулалтын талаар эхнээсээ нэг мөр ойлголттой болох ёстой. Одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа маш яаралтайгаар батлуулах чиглэлээр хамтарч ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгүүлчид та нарыг цагдаагийн өмнө очоод суухад хамгаалдаг хамгаалалт нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байх болно. Уучлаарай, би Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн тийм заалтын дагуу ингэж ажилласан гэдэг зүйлээ хэлээд хамгаалуулах эрхээ эдэлнэ. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээлэл бичихээ болих нь зүйтэй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед ийм мэдээлэл гаргаад өгөөч гэсэн хүсэлтээс татгалз. Мэдээж баримт нь байвал нийтэлж болно. Сэтгүүлчдээ хамгаалах үүднээс ийнхүү зөвлөж буйг ойлгоно гэж бодож байна.
Түүнчлэн, сэтгүүлчдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой гарсан хэрэг бүрийг цуглуулсан мэдээллийн сан бүрдүүлж, тэр мэдээллийг тухайн агшинд нь байнга олон нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй. Нэг сэтгүүлч өнөөдөр ялалт байгууллаа гэхэд дараагийн сэтгүүлчид хэрэгтэй байж болно. Нэг сэтгүүлчийн ялалтыг хувь сэтгүүлчийн ялалт болгож үлдээлгүй нийт сэтгүүлчийн ялалт болгомоор байгаа юм. Тэгж байж зохион байгуулалтын хувьд сайн тэмцэл болно. Тэр сэтгүүлч ийм асуудлаар Дээд шүүх хүртэл яваад торгууллаа, эсвэл ялчихлаа гэдэг мэдээллийг байнга бүрдүүлж, мэдээлж явсны цаана ийм юмаар үндэслэлгүй хэрэг үүсгэж болохгүй шүү, хэрвээ үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх юм бол илт үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татсан асуудал яригдана гэдэг зохион байгуулалт ажиллаж эхэлнэ гэсэн үг. Мэргэжлийн байгууллага нь ингэж хүчтэй дуу хоолойгоо гаргаснаар сэтгүүлчдээ хамгаалах бас нэг хамгаалалт ажиллана. Шалгуулж байгаа сэтгүүлч өөрөө дуугараад нэмэргүй. Тиймээс анхнаас нь зөв эхлүүлэх хэрэгтэй гэж судлаачийн хувьд хэлэх байна.
-Сэтгүүлч олон нийтийн мэдэх эрхийг хангаж, энэ үүргийнхээ үүднээс нэгэнт мэдээлэл гаргаж байгаа учир төрийн байгууллага, албан тушаалтан, улстөрчийн үйлдэлтэй холбоотой мэдээлэлд хариуцлага хүлээлгэхгүй байхаар тайлбарласан зохицуулалт хуулийн төсөлд байсан. Энэ зохицуулалтыг яагаад хасчихсан юм бол оо?
-Хуулийг нэг хүн баталдаггүй. УИХ-ын 76 гишүүн баталдаг учир олонхийн саналаар шийдэгддэг. Уг нь улстөрчид хамаатай бичсэн бол хариуцлага хүлээхгүй гэдэг нь байж байхад гэмгүй зохицуулалт байсан.Нэгэнт улс төрд орж, төрийн өндөр алба хашихаар шийдсэн бол элдвээр бичүүлэх бохир түүхгүй байх ёстой. Тийм биш бол элдвээр л хэлүүлнэ. Тийм эрсдэлийг угаасаа мэддэг хэрнээ дараа нь гомдоод байдаг. Сэтгүүлчийн нийтлэл, нэвтрүүлэг төр тунгалаг байхтай холбоотой учир албан тушаалтнуудыг тийм сэтгэл зүй, нөхцөл байдалд бэлэн байх ёстой гэж олон улсад үздэг. Гэхдээ нийгмийн сөрөг үзэгдэл судлаачийн хувьд зөрүүдлэн хэлэхэд илт худал мэдээлэлтэй харьцах монгол хүний сэтгэл зүй онцлогтой шүү. Ярилцлага маань нэгэнт сэтгүүлчтэй холбоотой асуудлыг хөндөөд явчихаж байгаа учир шалгуулаад эхэлсэн тохиолдолд шалгаж байгаа албан тушаалтнуудад саад болсны хэрэггүй гэж сэтгүүлчдэдээ хэлье. Саад болох юм бол хууль үйлчилнэ. Харин байн байн үндэслэлгүй дуудаад, залхаагаад байгаа бол шүүхэд хандаж гомдлоо гаргах эрх нээлттэй, хамгаалдаг мэргэжлийн байгууллагадаа хандах ёстой. Сэтгүүлчийг хамгаалдаг мэргэжлийн холбоо, байгууллага нь дуугарах ёстой гэж байн байн хэлээд байгаа юм. Наад зах нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхгүйгээр яаж бичиж болох талаар сэтгүүлчдэд сургалт явуулж болно. Үүн дээр бол янз янзын арга байна. Одоогоор “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр их ажил хийдэг. Үгүй гэвэл илт худал хэлсэн үндэслэлээр би хариуцлага хүлээхэд бэлэн /инээв/.
-Сэтгүүлч санамсаргүй, алдаатай мэдээлэл гаргавал яах вэ. Зориудаар санаатай хуурамч мэдээлэл тараах, санамсаргүй алдаатай мэдээлэл гаргах гэдэг хоёр өөр ойлголт. Энэ тохиолдолд яах вэ?
-Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь Илт худал мэдээлэл тараах гэсэн үндсэн шинжээ харгалзана. Санамсар болгоомжгүйгээр илт худал мэдээлэл бичиж, тараана гэж байхгүй. Энэ гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж алдаатай мэдээлэл гаргасан бол иргэний журмаар маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой.
-Бас нэг зүйлийг тодруулахад, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийхдээ сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагуудаас санал аваагүй, танилцуулаагүй гэсэн асуудал үүсэж байна. Аль нэгэн салбарын эрх ашгийг хөндсөн хуулийн заалтыг боловсруулахдаа тухайн салбарынхны саналыг нь авах боломж бололцоо бий шүү дээ?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төсөл боловсруулсан учир мэргэжлийн байгууллагууд саналаа өгөх бүрэн боломжтой байсан. Гэхдээ ажлын хэсэгт өмнө огт орж байгаагүй хүмүүс шинээр орж ирсэн шүү дээ. 2-3 хүн сууж саналаа өгсөн. Тэднийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл гэж ойлгосон. Төсөл хэлэлцэхэд тэд харин маш сайн мэтгэлцэж, маргалдаж, саналаа хамгаалсан гэж би хувьдаа бодсон.
-Сэтгүүлчид хэсгийн байцаагчийн үүд сахидаг байсан бол одоо гэмт хэрэгтнүүдтэй хамт мөрдөгч, прокурорын үүд сахидаг, бүүр цагдан хоригдох эрсдэлтэй болчихлоо. Аливаа бугшмал, буруутай, хууль бус, зохисгүй үйлдлүүдийг ил гарган, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд үйлчилдэг онцгой үүрэгтэй сэтгүүлчид энэ үүргээ биелүүлснээсээ болж гэмт хэрэгтэн шиг байцаагдаж, шүүгдэж явахыг хэр зохистой гэж та хувь судлаачийн хувьд үздэг вэ?
-Дахин тодруулж хэлэхэд, энэ бол зөвхөн сэтгүүлчдэд хамааралтай заалт биш, бүх хүнд хамаатай. Мэдээж сэтгүүлчийн ардчилсан нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг маш их. Авлига, албан тушаалын эсрэг өнөөдөр хэн хамгийн ихээр, зоригтой дуугарч байна, сэтгүүлчид. Хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд оруулж байгаа сэтгүүлчдийнхээ үүргийг үгүйсгэж болохгүй. Тийм ч учраас ийм онцгой үүрэгтэй сэтгүүлчдийг жирийн иргэдээс ялгаатай гээд байгаа юм. Энэ ялгаатай эрхээ бататгаж авахын тулд одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг маш чамбай, юуг ч орхигдуулахгүйгээр батлуулах шаардлагатайг дахин хэлье.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Сэтгэгдэл ( 2 )
Тэнгис кино театрийн тэнд тагнуулын газар онц байдал зарлаж блүү зочид буудлын доор нүүж ирсэн тэр тагнуулын газар мөн үү өөр тагнуулын газар уу хоёр удаа онц байдал зарлаж ирсэн
тагнуул намайг 30 гараад оюутан болж эхнэр аваарай гэсэн тэгээд хувь заяагы чин өөрчлөөд 30 наснаас өмнө эхнэр авах боломжгүй болгож байгаа мөртлөө яагаад тодорхой мэргэжлээр 30 наснаас сургах гэж хувь тавиланг өөрчилж байгаа юм бэ тэр чин доромжилж байна гэсэн үг шүүдээ