Улирч буй онд 49 сэтгүүлч амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Улирч буй 2019 онд дэлхий даяар нийт 49 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгджээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас мэдээлснээр, энэ нь сүүлийн 16 жилд гарч буй хамгийн бага үзүүлэлт. Эдгээрийн ихэнх нь Йемен, Сири, Афганистанд амь үрэгдсэн бөгөөд сэтгүүлчийн мэргэжил дэлхийн хамгийн аюултай мэргэжлийн тоонд орсон хэвээр байна гэж тус байгууллага онцолжээ.  

Сүүлийн хорин жилийн байдлаар, жилд дунджаар 80 орчим сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгджээ. Дайн дажингүй, харьцангуй тайван улс орнуудад хэд хэдэн сэтгүүлч алагдсан нь сэтгэл түгшээж байна хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын тэргүүн Кристоф Дэлуа онцолжээ. Мексикт л гэхэд 10 сэтгүүлч амиа алдсан бөгөөд Латин Америк зэвсэгт мөргөлдөөний халуун цэг болсон Ойрх Дорнодын адил сэтгүүлчдэд хамгийн аюултай тив болоод байна. Зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт амиа алдсан сэтгүүлчдийн тоо багассан нь тэмдэглүүштэй ч ардчилсан орнуудад сэтгүүлчийн амь насыг хөнөөх хэрэг нэмэгдэж байгаа нь ардчилалд бодит аюул учраад буй нь илэрхийлэл хэмээн тэрбээр онцолсон байна.

Түүнчлэн, өнгөрч буй онд 389 орчим сэтгүүлч шоронд хоригдсон нь өнгөрсөн оноос 12 хувиар нэмэгджээ. Тэдгээрийн тал нь Хятад, Египет, Саудын Араб зэрэг улсад хоригдож байгаа бөгөөд зөвхөн Хятад улсад гэхэд гуравны нэг нь ногдож байна.

Үүнээс гадна дэлхийд, гол төлөв Сири, Йемен, Ирак, Украин зэрэг улсад нийт 57 сэтгүүлч барьцанд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.27.175) 2019 оны 12 сарын 18

Мандахбаяр амьд байгаа юу? харагдахгүй юм шиг санагддаг.ганцаар нэг уурхай хаалгамаар байх юм шиг санагддаг.Ноён уулын нинжа нарыг хөөж өгөөч

0  |  0
Close menu