Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
"Монголын урлагийн зөвлөл"-ийн нэрийн хуудас болсон тус наадмыг ирэх даваа гарагт /2022.10.17/ "Return the Seol" уран сайхны киногоор нээнэ.
Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон бөгөөд зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Өмнөд Солонгос, Франц, Португал, Бельги, Турк, Швед, Испани, Исланд, Польш, Румын, Швейцар, Герман, Их Британи, Дани, Нидерланд, Чех, Монгол зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны кино, нэг богино хэмжээнийг киног үзэгч танд хүргэх юм.
“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.
Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрдэг. Энэ жилийн хувьд найруулагч Н.Ган-Очирын “Дасгалжуулагч”, найруулагч Б.Баатарын “Этгээд”, найруулагч Д.Баттөмөрийн “Трио” гэсэн гурван кино хөтөлбөрт оржээ.
Сэтгэгдэл ( 0 )