14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам үргэлжилж байна. Өнөөдөр кино наадмын хоёр дахь өдөр. (2022.10.18)
Эл өдөр онцлох орноор сонгосон БНСУ-ын гурван уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох юм. Эдгээр кинонуудын талаар товч мэдээллийг хүргэе.
1. ТАНИЛЦУУЛГА (18:00 цагаас)
Найруулагч: Хон Сан Сү
Хүртсэн шагнал: 2021 оны Берлиний ОУКН-ын шилдэг кино зохиолын төрөлд "Мөнгөн баавгай" шагнал хүртсэн
Үргэлжлэх хугацаа: 66 минут
Товч агуулга:
1. Аав нь хүүгээ ир гэж дуудав. Хүрээд ирэхэд нь харин өөрөө завгүй.
2. Нэгэн бүсгүй германд сурахыг хүсэв. Ээж нь тэгээд хямдхан хөлслөх байр олохоос аргагүйдэв.
3. Хүү нь далайн эргийн ресторанд ээжтэйгээ очиж уулзав. Ээж нь харин хижээл насны жүжигчинтэй цуг байв.
Найруулагч: Чон Жу-ри
Хүртсэн шагнал: Канны кино наадмын "Шүүмжлэгчдийн долоо хоног" хэсгийн хаалтын киногоор сонгогдсон.
2022 оны Фантазиа олон улсын кино наадмын "Шилдэг найруулагч" шагнал хүртсэн.
Үргэлжлэх хугацаа: 134 минут
Товч агуулга: Сохи бол мэргэжлийн сургуулийн ахлах ангийн сурагч. Тэрээр томоохон интернет үйлчилгээ үзүүлэгч компанийн дуудлагын төвд дадлагажих болсондоо догдлох авч, мөнөөх нэр төртэй оффисын ажил нь хар дарсан зүүд болж хувирна. Ажил нь Сохи шиг шазруун охин ч сүрдмээр бэрхийн дээр, жинхэнэ ажилтны цалингийн өчүүхэн хувийг л авдаг аж. Тэрээр аажмаар уурлаж бухимдах, урам хугарах зэрэгцэж, дарамтанд орох агаад энэ бүхэн эцэстээ охиныг үхэлд хүргэнэ. Уг хэргийг мөрдөгч Ө Южин хариуцна. Тэрээр үхлийн уг шалтгааныг тодруулахын тулд Сохигийн мөрөөр орж, эргэн тойрных нь хүмүүсийг мөрдөнө. Хэргийг шалгах явцад энэ явдлын ард төсөөлснөөс нь ч илүү бухимдмаар, сэтгэл эмзэглэм зүйлс буйг олж мэднэ.
Найруулагч: Парк Кан
Хүртсэн шагнал: Бусаны олон улсын кино наадмын “Шинэ урсгал” уралдаант хэсэгт нээлтээ хийсэн.
Үргэлжлэх хугацаа: 102 минут
Товч агуулга: Солонгос улсад хүүхдээ гурван долоо хоногтой болохоос нааш, оршуулгын будаалга цагаалгад очиж болохгүй хэмээх сүжиг бий ч, Вү-жин үүнд итгэдэггүй. Тэрбээр хуучин найз бүсгүй нь өөд болсон тухай зурвас аваад, эхнэрийнхээ ятгасныг ч тоолгүй оршуулгад очиж, гашуудлаа илэрхийлнэ. Мөнөөх өдрөөс хойш жигтэй явдал тохиолдож эхлэх агаад нярай нь ямар ч шалтгаангүй өвдөж орхино. Эхнэр нь түүнийг дэлгүүрээс хоёр зүйл, танихгүй хүнээс нэг зүйл хулгайлах дом хийж, гай барцадаа өрөөл бусдад шилжүүлэхийг шаардана.
Сэтгэгдэл ( 0 )