“Globalsmart solution” компанийн гүйцэтгэх захирал Д.Оюунтулгатай ярилцлаа. “Globalsmart solution” компани нь Монголын кино урлагийг дэмжиж, "Улаанбаатар" олон улсын кино наадамтай сүүлийн хоёр жил хамтран ажилласан. Тус компани нь өнгөрсөн жилийн "Улаанбаатар" кино наадмын Шилдэг найруулагчийг ARRI брэндийн камерыг үнэ төлбөргүй түрээслэх эрхээр шагнасан бол энэ жилийн Шилдэг уран сайхны киноны ялагчийг ARRI Orbiter LED light хэмээх кино продакшнд хамгийн их хэрэглэгддэг гэрлийн сетийг үнэгүй түрээслэх эрхээр шагнажээ. Кино бүтээгчдийн хүслэн болсон ARRI LED гэрлийн сет нь 10 сая төгрөгийн үнэтэй.
-Танай компани “Улаанбаатар” олон улсын кино наадмыг хэд дэх жилдээ дэмжиж ажиллаж байна вэ. Яриагаа эндээс эхэлье...
-Бид “Улаанбаатар” олон улсын кино наадамтай 2018 оноос хамтарч ажиллаж эхлээд өнөөдрийн байдлаар гурав дахь жилдээ оролцож байгаа.
-“Улаанбаатар” олон улсын кино наадамд танай компани ямар чиглэлээр оролцож байна?
-Манайх энэ наадамд дэмжигч байгууллагаар оролцдог. Хангарьд шагналын Шилдэг уран сайхны кинонд ARRI брэндийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй түрээслүүлэхээр дэмжин ажилладаг.
-Энэ хоёр жилд Шилдэг киноны шагналтныг хэрхэн дэмжив?
-Өнгөрсөн жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Шилдэг уран сайхны кинонд Ж.Сэнгэдоржийн “Би нар” кино шалгарсан. Уг киноны найруулагчийг ARRI брэндийн камераар дэмжиж ажиллахаар шагнасан. Энэ жилийн хувьд бид Шилдэг киноны найруулагч Ж.Жамъяансүрэнд ARRI брэндийн гэрлийн сетийг үнэгүй түрээслэх эрх бэлэглэсэн. Гэрлийн хувьд энэ жил ARRI-гаас Orbiter гэдэг шинэ гэрлийг шинээр үйлдвэрлэж, өнгөрсөн 2019 онд анх танилцуулсан. Анх зах зээлд энэ оны аравдугаар сарын 6-нд дөнгөж эхний хэрэглэгч дээрээ очиж эхэлсэн. Бид энэ жилийн Шилдэг уран сайхны киноны эзэнд уг гэрлийг бас үнэгүй түрээслэх эрхийг өгч байгаа. Дөнгөж зах зээлээс гарч байгаа гэрлийг монгол найруулагч ашиглах эрхтэй болж байгаа гэсэн үг юм. Энэ гэрлээс гадна чиглэлийн гэрэл зэрэг Холливудын болон бусад кино найруулагчдын байнгын хэрэглэдэг киноны гэрлийн сет байгаа. Энд хамгийн гол тодотгож байгаа зүйл нь Orbiter гэх дөнгөж одоо эхний хэрэглэгчдэдээ хүрч байгаа, цоо шинэ загварын гэрэл.
-Манайхан ARRI камер, ARRI гэрэл гэж мэднэ. Тэгвэл энэ брэндийн камер, гэрэл, шинээр гарч байгаа Orbiter загварын гэрлийн онцлог, бусад брэндийнхээсээ ялгарах давуу тал нь юу байдаг вэ?
-ARRI бол байгуулагдаад 103 жил болж байгаа брэнд. Үндсэн зорилго нь кино зах зээлд тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлэх. Камерын хувьд бусад камераас ямар давуу талтай юм бэ гэхээр яг л органик дүрс бичдэг. Тухайлбал, хүний арьсны өнгө яг тэр байгаагаараа бичигдэнэ. Гэрлийн хувьд сая гарсан Orbiter гэрэл нь hard болон softlight-ыг зэрэг багтаасан. Ер нь бол гэрлүүд hard болон soft гэж тус тусдаа байдаг. Orbiter бол энэ хоёр төрлийн гэрэл хоёулаа орчихсон, эргүүлээд маш өргөн цар хүрээтэйгээр ашиглах боломжтой. Холливудад үүнийг ашиглаж байгаа. Яагаад энэ оны аравдугаар сарын зургаанд эхний хэрэглэгчдэдээ хүрч байгаа юм бэ гэхээр Холливудын экспертүүд эхлээд туршиж үзсэн. Хэрэглээ нь ямар байна, засаж сайжруулах зүйл байгаа эсэхийг туршиж явсаар сая л энгийн хэрэглэгчдэд ирж байгаа юм. Хамгийн гол нь энэ гэрлийг өргөн цар хүрээтэйгээр, олон төрлөөр ашиглана. Өмнө нь жишээ нь чиглэлийн гэрлийг чиглэлд л ашигладаг байсан бол Orbiter нь аль алинд нь ашиглах өргөн боломжтой гэрэл. Үнийн хувьд өндөр ч маш өргөн цар хүрээтэй.
-Монголын кино бүтээгчид хэзээнээс ARRI-ыг хэрэглэж эхэлсэн юм бэ?
-Хуучин бол хальсны камер байхад, Монгол кино үйлдвэр байхад хэрэглэж байсан гэж сонссон. Харин одоо бол дижитал технологид шилжсэнээс хойш монголчууд өргөн хэрэглэж эхлээгүй байна. Гэхдээ Монгол НD телевиз эхний камерыг оруулж ирээд, манайх бас оруулж ирснээр хэрэглэгчдэд түрээслэх, Монголын зураглаачдын нийгэмлэгтэй хамтраад сургалт семинар явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Сая сүүлд “Номадиа Пикчерс” ARRI камерыг бас авсан. Ингэснээрээ ARRI-ыг одоо манай зах зээлд ашиглаж байна. Гаднаас зарим кинонд түрээсээр аваад хэрэглэдэг нөхцөл бол зөндөө байна. Мэдээж өртөгийн хувьд жаахан өндөр байгаа.
-Танай компани ARRI камер, гэрлээс гадна ямар төхөөрөмжүүдийг оруулж ирдэг вэ?
-Манай “Globalsmart solution” компани 2015 онд байгуулагдсан. “Глобал телеком” компанийн охин компани болон байгуулагдсан. “Глобал телеком” компани нь 20 жилийн өмнө байгуулагдаад теле харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. Телевиз, өргөн нэвтрүүлгийн чиглэлээр, дуу, дүрсний чиглэлээр бизнесээ өргөжүүлэхээр 2015 онд “Globalsmart solution” компаниа байгуулсан. Манай компани телевиз, өргөн нэвтрүүлэг, дуу, дүрсний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. ARRI бол манай гол брэндүүдийн нэг. ARRI-гаас гадна олон брэнд, үйлдвэрлэгч нар байна. Бид эдгээр брэнд үйлдвэрлэгч нарынхаа албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Албан ёсны байхын давуу тал бол илүү найдвартай, хамгийн түрүүнд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийн мэдээллийг авч, эргүүлээд Монголын хэрэглэгч нарт өгдөг. Бас баталгаат засвар үйлчилгээгээр хангадаг. Мэдээж үнэ болон төлбөрийн уян хатан нөхцөлийн боломжуудыг хэрэглэгч нартаа өгдөг. Манай компанийн бизнесийн ихэнх хувь нь телевиз, өргөн нэвтрүүлгийн салбарт чиглэж байна. 2018 оноос Улаанбаатар кино наадамд оролцож эхэлж байгаа нь кино урлагийн салбарыг сонирхож, дэмжиж ажиллаж, мөн бизнесийн зорилгоор орж байна. Энэ салбарыг дэмжиж ажиллаж байгаагийн зорилго нь кино урлагийн салбар хүчирхэгжих нь чухал байгаа. Зөвхөн дотооддоо хэдхэн хүний яриад, хэрэгжүүлээд хийчих ажил биш. Хэдхэн хүн энэ бизнесийг хийгээд Монголын зах зээлд мөнгө олоод явах салбар биш. Илүү өргөн цар хүрээтэй, бидний ярьж заншсанаар Холливудын зах зээл, дэлхийн зах зээл байна. Монгол Улс энэ зах зээлд гарахад заавал улс төрийн асуудал биш, өөрсдийн чадвар болон нөөцийн асуудал байна. Кино урлагийн салбар маань дэлхийн зах зээл рүү хамгийн хурдан ороод эргүүлээд тэндээсээ бизнес хийх боломж маш өргөн байгаа юм. Тэр үүднээсээ нийтээрээ энэ салбарыг дэмжих нь чухал байна.
-"Улаанбаатар" кино наадамтай цаашид хэрхэн хамтарч ажиллах зорилготой байна вэ?
-"Улаанбаатар" кино наадам бол зүгээр нэг кино наадам биш. Олон улсын тодотголтой кино наадам. Нөгөө талаараа нийслэлээр нэрлэгдсэн кино наадам байгаа. Чухал ач холбогдолтой, олон улсын хэмжээнд явагддаг кино наадам гэдэг үүднээсээ кино салбарт ажиллаж байгаа хүмүүс бол энэ наадмыг аль аль талаас нь харж, өргөн цар хүрээтэй авч явахыг хүсэж байх шиг байна. Нийслэл Улаанбаатараар нэрлэсэн, олон улсын гэдэг утгаараа гаднын хүмүүсийг, кино салбарын хөрөнгө оруулагч нарыг Монгол руу татах зэрэг олон амбиц байгаа учир манай талаас эргүүлээд кино чанартай гарахад анхаарч байна. Тэр үүднээсээ кино наадмыг чанаржуулахад наад зах нь шагналын сан, зохион байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг гэх мэтээр чанаржуулах талаар хамтран ажиллах бодолтой байгаа. Түрүүн хэлсэнчлэн энэ жил бид Шилдэг уран сайхны киноны ялагчид тоног төхөөрөмжөө хэрэглүүлэхээр болсон байгаа. Цаашдаа бид энэ наадам илүү үнэ цэнтэй, Азийн кино урлагийн хүмүүс "Улаанбаатар" кино наадам гэнгүүт мэддэг, оролцохыг хүсдэг, киногоо явуулахыг хүсдэг ийм фестиваль болж өргөжихийг хүртэл бидний тусламж юу байна, боломжтой бүхнээрээ хамтарч ажиллахыг зорьж байна. Ингэснээрээ "Улаанбаатар" кино наадам хүчирхэгжиж томорно. Наадам хүчирхэгжсэнээрээ кино урлагийн салбар илүү томорч, гаднын зах зээлд илүү гарах юм.
-Таны харж байгаагаар өнгөрсөн жилийн болон энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын ялгаа, онцлог юу байна?
-Коронавирусний халдвараас хамаараад гаднын төлөөлөгч нар ирж чадсангүй. Гэхдээ нэр дэвшиж байгаа кинонууд илүү чанаржсан байна. Наадам маань өөрөө чанаржиж байгаа гэдэг нь уран бүтээл илүү чанаржиж, найруулагч нар мундаг уран бүтээлүүдээ явуулж, үүнийгээ дагаад өрсөлдөөн илүү болж байгаа юм болов уу гэж харагдлаа. Өрсөлдсөн гадна, дотнын кинонууд мундаг, цаагуураа кинонуудын жанр өөр болж байгаа санагдлаа. Илүү сонирхолтой, хүн болгоны кино гэхээрээ л үйл явдалтай, ямар нэгэн байдлаар аз жаргалтай төгсөнө гэдэг шиг биш цаагуураа бидэнд олон зүйлийг ойлгуулдаг, ухааруулж сэнхрүүлдэг болжээ. Тухайлбал, “Хөхөө” кино байлаа. “Хэвтрийн хүн” кино байлаа. Нийгмийн асуудлыг хөндсөн, хүний дотоод асуудлыг хөндсөн, хүн гэдэг хэн бэ, эхийгээ хэрхэн, яаж хайрлаж байна, гэр бүлээ хэрхэн хайрлаж байна зэрэг олон өнцгөөс хүний дотоод зүйлийг илүү гаргаад байгаа юм болов уу. Ковид гарсантай холбоотойгоор ганцхан монгол гэлтгүй дэлхий нийтээрээ хүн гэдэг зүйл, хүний дотоод сэтгэл гэдэг зүйлийг ихээр анхаарах болсон. Жишээлбэл, барууны орнуудад хүмүүс гэрээсээ гарч чадахгүй болоод байгаа. Үүнээсээ болоод бачимдаж, эсэргүүцлийн хөдөлгөөн хийж байна. Зарим хүмүүс давчдаж, гэртээ дэндүү их байснаараа гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байна. Бид ковидоос өмнө нийгмийн бүх үйл явдалд зүгээр л ороод явчихдаг байсан бол хязгаарлагдмал болонгуут хүний дотоод мөн чанар өөрөө гарч эхлээд байх шиг байгаа юм. Нэр дэвшсэн, оролцсон кино бүтээлүүд хүний мөн чанарыг илүү гаргасан байна лээ. Жанр нь илүү сонирхолтой, бүтээлүүд их мундаг болж, сайжирч байна.
-Танай компанийн Монголын болон дэлхийн зах зээлд тавьж байгаа цаашдын зорилго?
-Манай компанийн хувьд Монголын зах зээлд телевиз, өргөн нэвтрүүлгийн салбарын мэргэжлийн системийн индекатор компани. Хамгийн гол гол брэнд, үйлдвэрлэгч нарын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, олон төслүүдийг хийсэн байгаа. Тэр ч үүднээсээ киноны салбар, киноны зах зээлд хамгийн том тоглогч нь болохыг зорьж байна. Нөгөө талаараа манай компани нийгмийн хариуцлагыг өндөрт тавьдаг. Нийгмийн хариуцлага гэдэг маань зүгээр нэг хэдэн төгрөгөөр дэмжээд өнгөрөхөөс илүү удаан хугацаанд тэр зүйл маань чанаржих явдал юм. "Улаанбаатар" кино фестивалийг дэмжиж байгаа нь ч үүнтэй холбоотой. Удаан хугацаанд тогтвортой байх хөгжил, хамтын ажиллагааг бид эрхэмлэж байгаа. Ингэснээрээ бид ч хөгжинө, нөгөө тал ч хөгжинө. Эргүүлээд дэлхийн зах зээлд бид Монголын зураглаачдын нийгэмлэгтэй хамтраад салбарын хүмүүсээ чадваржуулахыг хүсэж байна. Наад зах нь зураглаач нарыг. Камер гэдэг маань зураглаачтай 100 хувь холбоотой. Тэгэхээр энэ хүмүүс маань гаднын зах зээлд гарах боломж их байна. Камер гэдэг маань өнгөний асуудал яригдаж байна. Тухайн өнгө ямар гарах вэ, эргүүлээд яаж боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүнээ гаргах вэ гэдэг асуудал яригдаж байна. Бид энэ зах зээлийг их сонирхож байгаа. Эргээд кино салбарынхны ганц зорилго бол гаднын зах зээл. Манай хувьд ч гэсэн тийм. Дотоодынхныгоо гадагшаа холбож өгсөн, эсвэл өөрсдөө ч бас гадагш гарсан гол тоглогчдын нэг болохыг зорьж байна.
-Та бүхний хувьд "Улаанбаатар" кино наадмыг дэмжихээс өөр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ямар том ажил хийв?
-Бид соёл урлагийг аль болох дэмжихийг хүсдэг. Соёл урлаг бол соён гэгээрүүлэлт. Ерөнхийдөө бол хэний ч өгдөггүй боловсролыг, зарим тохиолдолд 10 жилд үзээгүй боловсролыг бид соёл урлагаар дамжуулж авдаг. Энэ үүднээсээ кино салбараас гадна музей, түүх соёлыг бид дэмждэг. 2015 онд бид Монголын үндэсний музейтэй хамтраад Монгол, Хятадын хамтарсан археологийн малтлагын 10 жилийн ойд нь зориулсан түр үзэсгэлэнг байгуулахад хамтарч ажилласан. Тоног төхөөрөмжүүдээр хамтарч ажиллаад, тухайн үзэсгэлэнг хамтран дэглэсэн. Энэ маань явсаар өнгөрсөн 2019 онд Соёлын сайд, Монголын археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун гуайн малтлагын үзэсгэлэнг бид хамтарч, дэмжиж ажиллалаа. Сарьдагийн хийд бол өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь бүтээсэн маш том бүтээл байсан. Удалгүй шатаж, орхигдсон байсныг одоогийн Соёлын сайд С.Чулуун болон түүний археологийн экспедиц нийлээд малтлага хийсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард бүх нийтэд танилцуулсан. Тэрэн дээр бас бид хамтарч ажилласан. Энэ бол шашинтай холбоотойгоор биш, 100 хувь манай улсын өв соёл гэж бид харж, хамтарч ажилласан. Өндөр гэгээн Занабазар бол Азийн Микеланжело гэж нэрлэгддэг. Том соён гэгээрүүлэгч, урлагийн хүн. Энэ зүйлийг хүмүүс таньж мэдэж, хийсэн бүтээлийг нь харна гэдэг өөрөө урлаг соёлоороо маш соён гэгээрдэг чухал ач холбогдолтой. Яг иймэрхүү зүйлүүд, том төслүүд дээр бид хамтарч ажилладаг. Одоо арваннэгдүгээр сарын 16-нд Уран зургийн галлерейд гарах гэж байгаа Хүннүгийн үеийн үзэсгэлэн дээр бид бас хамтарч ажиллахаар ярьж байгаа. Энэ мэтчилэн бид түүх соёл, урлаг соёлыг хүмүүст таниулж мэдүүлэхэд өөрсдийн боломжоороо хамтарч ажиллаж, дэмжиж байгаа гэсэн үг.
Сэтгэгдэл ( 2 )
GSS xamt olond ajliin ih amjilt hvsey \n☺️
Tomoos tom amjilt husey! Delhiin zah zeeld garaarai