"Улаанбаатар" кино наадмын шилдгээр “ЭТГЭЭД” УСК шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор Б.Баатарын найруулсан “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино” хөтөлбөрт шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хангарьд” шагнал гардуулах ёслол өчигдөр /2022.10.20/ болж,  дөрвөн төрөлд шилдгүүдээ тодрууллаа.

 

  • Шилдэг кино зохиолоор найруулагч Э.Ган-Очирын "Дасгалжуулагч" УСК,
  • Шилдэг кино найруулагчаар "Этгээд" УСК-ны найруулагч Б.Баатар,
  • Шилдэг продюсерээр "Трио" УСК-ны  продюсер В.Ганзориг
  • Шилдэг киногоор найруулагч Б.Баатарын "Этгээд" УСК шалгарлаа. 

 

 

Шагнал гардуулсны дараа "Этгээд" УСК-ны найруулагч Б.Баатар "Найруулагчийн гараагаа эхэлсэн анхны  уран бүтээл маань хоёр дахь олон улсын кино наадамдаа маш амжилттай орж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас хос "Хангарьд" цомын эзэн болсондоо маш их баяртай байна.

"Этгээд" киногоор өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон. Өнөөдөр бид өөрийн гэсэн толгойгүй, дагалдан баясагч болсон байна. Энэ нь биднийг хаашаа хөтөлж байна вэ гэдгийг өгүүлж буй юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Түүний хувьд өнөөг хүртэл "Сайн муу хэрцгий", "Дүүлэн нис", "Ар хударга", "Үргээлэг 2", "Одод болохын хүслэн", "Яллагч", "Хийморь", "Алтан өндөг", "Сүүн замын сахиул", "Зориг", "Ноён эмэгтэй" гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажиллаад байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top