Ховд аймгийн удирдлагууд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадист болоод бусад албаны хүмүүстэй цахим уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын хүрээнд хоёр тал:
- Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн авто замыг түшиглэн БНХАУ, ОХУ-ыг дамнасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх,
- Булган-Такашикэн боомтоор мах экспортлох асуудалд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцээрийн үр дүнд Булган-Такашикэн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс болон ачаа тээврийн гарцыг шинээр нээж өргөжүүлэх, Уул уурхайн зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх болон тэсэлгээний бодисыг хууль, журмын дагуу нэвтрүүлэх, Баруун босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсон давуу талыг ашиглан бараа эргэлтийг сайжруулах, Ирэх оноос хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд олон улсын нислэгийн хуваарьтай болох, Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг холбосон авто зам, төмөр замын хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих, Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан махны экспортыг эрчимжүүлэх боломжтой талаар зөвшилцөлд хүрлээ.
Цахим уулзалтын хүрээнд Алтай хотын удирдлагууд:
- Такашикэн боомтын үйл ажиллагааг сайжруулж амралтын өдрүүдэд ажиллах цагийг нэмэгдүүлэх,
- Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, шуурхай болгох чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбоотой ачаа тээврийг саадгүй нэвтрүүлж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )