Сербийн нийслэл Белград хотноо болсон "Белград 2022" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монголын баг тамирчид сонгогдохоос эхлээд медаль авах хүртэлх спортын ховор агшин, сонирхолтой мэдээ мэдээллийг нэгтгэсэн "Баярлаж, бахархсан Белград 2022" номын нээлт өнөөдөр /2022.11.09/ боллоо.
Номын нээлтэд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд, спортын сэтгүүлчид оролцов.
Тус номыг өнгөрсөн жил Ослогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлэх "Огшиж омогшсон Осло-2022" номыг бүтээгч, МҮОХ-ны гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг Zindaa.mn сайтын Спортын албаны редактор, спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ нар хамтран бүтээжээ. Тэд хамтдаа Белградад болсон ДАШТ-ийг сурвалжилсан юм.
Тамирчдын сэтгэл хөдлөл, нандин агшинг буулгасан гэрэл зураг болоод тухайн үеийн тамирчдын сэтгэлзүйг өгүүлэх амьд яриа гэдэг спортын салбарынханд түүхийн баримт болон үлддэг билээ.
Нэгэн цагийн чөлөөт бөхийн спортын түүхийг бичиглэн үлдээсэн "Баярлаж, бахархсан Белград 2022" номын талаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар "Аливаа спортын нэгэн ДАШТ-ээр дагнасан ном товхимол Монголд урьд өмнө нь гарч байгаагүй. Д.Нямбилэгийн "Огшиж омогшсон Осло" ном анхыг нь тавьж байсан бол өнөөдөр "Баярлаж, бахархсан Белград" номоор үргэлжилж байна. Цаашид ч зам шулуудан 2023, 2024 гэхчлэн буухиалан үргэлжлэх болтугай. Энэ ном бол Монголын спортын сэтгүүлчдийн хамтдаа бүтээсэн нэгэн түүх юм" хэмээн тодотгосон юм.
Номын нээлтийн үеэр хоёр удаагийн ДАШТ-ийг амжилттай сурвалжлан, тэмцээний товхимол ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон гэрэл зурагчин Д.Нямбилэгийг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал "Ялалт" одонгоор шагнаж, урамшууллаа.
Гэрэл зургийг Э.ХАРЦАГА
Сэтгэгдэл ( 2 )
Өөрийнхөө зургийг харж баяссан улс л байх шиг вэ дээ, утгагүй юм
Монголыг хичнээн бөхийн орон гэдэг ч ийм ном авч унших хүн ховор доо, ёстой нөгөө бөхийн цагаан солиотой гэгддэг улс л авах байх