ШҮҮХ: Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадоржийн бэлтгэсэн шүүхийн шийдвэрийн хураангуйг хүргэж байна. 


“Мэргэн” ХХК иргэн Хангайгаас түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч Хангай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус, иймд 8,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ. 

“Мэргэн” ХХК өөрийн өмчлөлийн 554.95 м.кв талбай бүхий барилгын зарим хэсэг болох 62 м.кв талбайг Хангайд түрээслүүлсэн, талууд түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.            

Анхан шатны шүүх “Мэргэн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Хангай эс зөвшөөрч “... улсын бүртгэлд бүртгүүлээгүй түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус” гэх агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзээд, “Мэргэн” ХХК-ийн өмчлөлийн 554.95 м.кв талбайн зарим хэсэг болох Хангайгийн түрээсэлсэн 62 м.кв талбай нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй байх тул түүнийг түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардахгүй гэж дүгнэв.

Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул Хангай нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийн бүрэн эхийг ЭНДЭЭС үзнэ үү. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top