БНСУ-ын жүжигчин, дуучин И Сын Ги өөрийн харьяалагддаг “Hook Entertainment” агентлагаа төлбөрийн баримтаа ил болгохыг шаардсан байна. Тэрбээр 2004 оноос хойшх бүх дебют уран бүтээлдээ төлбөр аваагүй тухайгаа ил болгож, тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг шаарджээ. Мөн тэрбээр өөрийн харьяаллын агентлагийг дансны хуулга болоод бусад ашгийн тайлангаа шүүхэд тайлагнахыг хүссэн байна.
БНСУ-д төдийгүй Азийн улс орнуудад маш их нэр хүндтэй, чадварлаг уран бүтээлч гэгдэг И Сын Ги 2004 оноос хойш тус агентлагт харьяалагдаж байгаа бөгөөд өнөөг хүртэл хугацаанд 137 дууг бие даан дуулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоо ч гэсэн хит болсоор байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2009 оны аравдугаар сараас 2022 оны есдүгээр сарын хооронд И Сын Гигийн олсон хөгжмийн орлого 9.6 тэрбум вон (ойролцоогоор 7,069,000 доллар) байсан бөгөөд тэрнээс өмнөх буюу 2004 оны зургаадугаар сараас 2009 оны наймдугаар сар хүртэлх таван жилийн тайлан алга болоод байгаа аж.
Дуучин залуугийн энэхүү мэдэгдлийн дараа “Hook Entertainment” агентлагийн захирал өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийсэн байна.
"Hook Entertainment”-ийн гүйцэтгэх захирал Квон Жин Ён “Сүүлийн үед миний болон манай агентлагийн тухай муу мэдээллүүд гарч байгаад хүлцэл өчье. Бүх зүйл миний хайхрамжгүй ухамсаргүй байдлаас болж гарсан хэмээн бодож байна. Одоогоор энэ асуудал шүүхийн шатанд шалгагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид ямар ч хариу гарсан хүлээн зөвшөөрөх болно. Бид цаашдаа агентлагийнхаа уран бүтээлчдийн нэр хүндэд халдахгүй, сэтгэлийг зовоосон асуудалд оролцохгүй, маш болгоомжтой ажиллахаа амлаж байна” гэж бичжээ.
Одоогоор энэхүү асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны өдөр агентлагийн захирлын ажлын өрөө болоод гэрт нэгжлэг хийж, зарим баримт бичгүүдийг хураан авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )